Ховд аймгийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь газар юм. Жирийн иргэдэд олддоггүй 0.7 га газар эрх мэдэлтэн албан тушаалтнуудад хэд хэдэн гаагаар олгогддог асуудал иргэдийг бухимдуулаад байгаа юм. Ойн бүсэд л гэхэд 33 иргэн аж ахуй нэгж газар эзэмшдэг. Эзэмшсэн газраа эрх шилжүүлэх нэрээр зардаг гэдэг нь эхнээсээ ил болсон. Нэг ёсондоо гар дамжсан газрын наймаа ойн бүсэд бий болсон байж ч болзошгүй. 2020 онд мэргэжлийн байгууллагууд ойн бүсэд хяналт шалгалт хийхэд 20 иргэн аж ахуй нэгж газраа зориулалтын бусаар ашиглаж, газрын тухай болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн байдаг. Тийм ч учраас эдгээр иргэдийн газрын гэрчилгээг хүчингүй болгох саналыг аймгийн ГХБХБГ-аас Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байсан С.Гантөмөрт хүргүүлсэн ч хэнд нь ч хариуцлага тооцож чадалгүй өнөөдрийг хүрсэн. Харин дараагийн даргаар Ц.Цогтбаяр томилогдсон ч бас л хариуцлага тооцож чадахгүй байгаа юм. Ц.Цогтбаяр дарга ойн бүсэд өөрөө 1 га газар эзэмшдэг. Газраа бас л зориулалтын дагуу ашиглаагүй, газрын тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн байдаг. Өөрийнх нь эзэмшлийн газар ойн бүсэд байдаг учир хариуцлага тооцож чаддаггүй ч байж магадгүй юм. Түүнээс энэ асуудлаар тодруулахад ойн бүсийг чөлөөлнө, судалж байна, ямартай ч 2022 оны 03 дугаар сарын 15-аас ажлын хэсэг гарч ажиллана гэдэг тайлбарыг өглөө. Мөн шаардлагатай гэж үзвэл өөрийнхөө газрын гэрчилгээг хүчингүй болгож чадна гэв. Хотын захирагч хэрхэн яаж хариуцлага тооцож, ойн бүсийг хэрхэн чөлөөлөхийг харах л үлдлээ
Хариулт (0 )