“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛЬД ХОВД АЙМАГ НИЙЛБЭР ОНООГООР ХОЁРДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА
Монголын нүүдэлчин ард түмний соёл, уламжлал, зан заншил, соёлын биет бус өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21–23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрханы бэлд зохион байгуулагдлаа.
Монголын 21 аймаг, нийслэлээс ирсэн өвлөн уламжлагчид өөрсдийн нутаг орны зан үйл, язгуур урлаг, уламжлал, соёлын биет бус өвийг танилцуулдаг тус фестивальд Ховд аймаг нийлбэр оноогоор хоёрдугаар байрт шалгарлаа.
Ховд аймаг тус фестивальд Монгол Улсын соёлын биет бус өвийн дөрвөн ай савын 18 өвийн төрлөөр оролцсон юм.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль “Олон угсаатны язгуур урлагийн отог”-ийн тоглолтоор эхэлж, нийт 19 үзүүлбэрт 38 өвлөн уламжлагч оролцон, үндэсний өв соёл, уламжлалт урлаг, зан заншлаа олон нийтэд толилууллаа.
Мөн Ховд аймгийн Мянгад сумын өвлөн уламжлагч О.Лхагвасүрэн, Манхан сумын өвлөн уламжлагч Б.Бадамцэцэг, Мянгад сумын өвлөн уламжлагч Б.Эрдэнэбат нар “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсан байна.
Харин “Шилдэг ахмад өвлөн уламжлагч”-аар Ховд аймгийн Булган сумын өвлөн уламжлагч Т.Цэмбэл, “Шилдэг өвлөн суралцагч хүүхэд”-ээр Жаргалант сумын өвлөн уламжлагч И.Номинтуяа тус тус шалгарлаа.
Фестивалийн гол зорилго нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийг олон нийтэд таниулахын зэрэгцээ байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг юм.






















Хариулт (0 )