khovd.mn

Булган-Байтаг чиглэлийн 95 км авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Булган-Байтаг чиглэлийн 95 км авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Ховд аймгийн Булган сумын нутагт Хөшөөтийн уурхай–Булган боомт–Байтаг чиглэлийн 95 км тусгай зориулалтын хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, шав тавих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Булган сумын Засаг дарга […]

0
55
Булган-Байтаг чиглэлийн 95 км авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Булган-Байтаг чиглэлийн 95 км авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Ховд аймгийн Булган сумын нутагт Хөшөөтийн уурхай–Булган боомт–Байтаг чиглэлийн 95 км тусгай зориулалтын хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, шав тавих ёслол боллоо.

Ёслолын арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Булган сумын Засаг дарга Б.Гантулга, “ГЦЦЭ” ХХК-ийн захирал н.Гантулга болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийт 247 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг төслийг “ГЦЦЭ” ХХК БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Цонж аймгийн “Чэнь Юнь Хайна” ХХК-тай хамтран, өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж, 2028 оны есдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Тус зам нь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Булган боомт, Байтаг чиглэлд нүүрс тээвэрлэх зориулалттай бөгөөд баруун бүсийн тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Зам ашиглалтад орсноор тээврийн чиглэл богиносож, нүүрсний экспортын тээвэрлэлтийн хугацаа, зардлыг бууруулах боломж бүрдэх юм.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа тус аймагт хэрэгжүүлж буй “Хурдтай хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн шинэ гарцуудыг бий болгоход анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн Хөшөөтийн уурхайгаас Байтаг боомт хүрэх дөт зам бий болсноор Ховд аймгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтойг хэлэв.

Түүнчлэн Байтаг боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон холбогдох шийдвэрүүд гарч, боомтын ажиллах хугацааг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хэлснээр, уг авто зам нь зөвхөн нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын баруун бүсийн худалдаа, тээвэр, логистикийн шинэ гарцыг бий болгох ач холбогдолтой. Цаашид нүүрсний экспорт нэмэгдэхийн хэрээр баруун бүсийн боомтуудын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий болж байгааг тэрбээр онцоллоо.

Замын бүтээн байгуулалт нь Булган сумын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд ч эерэг нөлөө үзүүлэхээр байна. Булган сумын Засаг дарга Б.Гантулгын мэдээлснээр, зам ашиглалтад орсноор зам дагасан худалдаа, үйлчилгээ, бизнес, аялал жуулчлал хөгжихийн зэрэгцээ орон нутгийн иргэд мах, сүү, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нэмэгдэх юм.

“ГЦЦЭ” ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд зам, барилгын салбарт олон жилийн туршлагатай. Бүтээн байгуулалтын эхний 20 км замын ажилд 80 орчим хүн ажиллах бөгөөд тодорхой хэсгийг орон нутгаас ажиллуулах юм байна. Мөн орон нутгийн иргэдээс мах, сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Тус төслийн нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь төвлөрсөн бөгөөд энэ нь бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байгаа аж.

“ГЦЦЭ”ХХК 2025 оны наймдугаар сард гэрээ байгуулж, тусгай зориулалтын хүнд даацын авто замын ажлыг эхлүүлсэн. Замыг 36 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулан, 30 жилийн хугацаанд ашиглахаар гэрээ байгуулсан тухай ЗТЯ-ны БЗГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир мэдээллээ.

Ийнхүү олон жил яригдсан Хөшөөтийн уурхай–Булган боомт–Байтаг чиглэлийн 95 км авто замын бүтээн байгуулалтын ажил бодит ажил хэрэг болж, Монгол Улсын баруун бүсийн экспорт, тээвэр логистик, худалдаа, орон нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ боломжийг нээж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл