khovd.mn

З.Эрхбаярын өрөөний 134 сая төгрөгийн засварын талаар хоёр талын тайлбар зөрөв

ИТХ-ын дарга З.Эрхбаярын өрөөний 134 сая төгрөгийн засварын ажлын талаар хоёр талын тайлбар зөрөв. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр 134 сая төгрөгийн төсөвт өртгөөр өрөө тасалгаандаа засвар хийж байгаа асуудлаар тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм. Тэрээр “Тамгын газраас тендер зарлаж, засвар хийх шаардлагатай гэж үзэн 134 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төсөв хүрэлцэхгүй байгаа. […]

0
108
З.Эрхбаярын өрөөний 134 сая төгрөгийн засварын талаар хоёр талын тайлбар зөрөв

ИТХ-ын дарга З.Эрхбаярын өрөөний 134 сая төгрөгийн засварын ажлын талаар хоёр талын тайлбар зөрөв.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр 134 сая төгрөгийн төсөвт өртгөөр өрөө тасалгаандаа засвар хийж байгаа асуудлаар тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.

Тэрээр “Тамгын газраас тендер зарлаж, засвар хийх шаардлагатай гэж үзэн 134 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төсөв хүрэлцэхгүй байгаа. Эхний удаа тендер зарлахад ямарч компани оролцоогүй. Харин дараагийн удаа зарлахад нэг компани оролцсон. Манай өрөө элэгдэл хорогдолд орсон учраас засах шаардлагатай болсон.

Мөн тоног төхөөрөмж худалдан авах асуудалд манай ажил бичиг цаасны ажил их тул хэвлэх тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсийг авахаар төсөв төсвөлсөн.

Уг ажлыг Тамгын газраас гаргасан саналын хүрээнд хэрэгжүүлж байгаа. 134 сая төгрөг засвар хийхэд хүрэлцэхгүй байгаа” хэмээн ярьсан юм.

Гэвч З.Эрхбаярын сууж буй өрөө нь өмнөх даргын үеэс өнөөг хүртэл ашиглагдаж ирсэн ч илт элэгдэж, муудсан зүйлгүй, ажиллахад тохиромжтой тав тухтай байсан юм.

З.Эрхбаяр уг засварын ажлыг Тамгын газраас санал боловсруулж, тендер зарлан, засвар хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хэмээн тайлбарласан.

Төсвийн хэмнэлт өнөөдөр Монгол Улсад тулгамдсан асуудлын нэг болоод байгаа ч энэ зарчим Ховд аймагт хэрэгжсэнгүй.

Энэ талаар Ховд аймгийн Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Батгэрлээс тодрууллаа.

Л.Батгэрэлийн тайлбарласнаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг холбогдох байгууллага, сум, орон нутгийн зүгээс гаргаж, шаардлага хангасан зураг төсөвтэй төслүүдийг төлөвлөлтөд тусган, эрэмбэлдэг байна.

Улмаар тухайн саналуудыг Засаг даргын мөрийн хөтөлбөр, Ховд аймгийн хөгжлийн болон таван жилийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлэн, ИТХ-д өргөн барьж, ИТХ эцэслэн баталдаг аж.

Тэрээр “ИТХ-ын ажлын албанаас ирсэн санал. Бид түүнд боловсруулалт хийсэн. Төсвийн жилд шаардлага хангасан, зураг төсөвтэй төсөл, арга хэмжээний саналыг байгууллага, сум, бүх газраас авдаг. Саналыг Засаг даргын мөрийн хөтөлбөр, Ховд аймгийн таван жилийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигтэй уялдуулан бүх төслөө эрэмбэлж, холбогдох хурлаар оруулан, улмаар ИТХ-д өргөн барьж батлуулдаг” хэмээн тайлбарлалаа.

Ингэснээр 134 сая төгрөгийн засварын ажлын санал хаанаас анх гарсан, ямар шат дарааллаар боловсруулагдаж, ямар үндэслэлээр төсөвт тусгагдсан талаарх хоёр талын тайлбар зөрж байна. З.Эрхбаяр уг ажлыг Тамгын газраас санал гаргаж боловсруулсан гэж тайлбарлаж байгаа бол холбогдох мэргэжилтэн ИТХ-ын ажлын албанаас ирсэн санал гэж мэдээлж байна.

Орон нутагт шийдлээ хүлээсэн олон ажил байгаа энэ үед төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлыг талууд бие биедээ шилжүүлэн тайлбарлаж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл