Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орох өдрөө хүлээсээр…
2018 онд Ховд аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэгээр Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн байдаг.
Тус байгууламжийн тендерийг “Саруул цамхаг” ХХК-ийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батхүүгийн Бадрах авсан бөгөөд анхны гэрээний дагуу ажлыг 2018 оны аравдугаар сард эхлүүлж, 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байжээ.
Тухайн үеийн гэрээний дүнгээр тус байгууламжийн төсөвт өртөг 4,789,948,145 төгрөг буюу ойролцоогоор 5 орчим тэрбум төгрөг байсан байна.
Гэвч 2019 онд ажлын гүйцэтгэл 30 хувьтай явж байгаа гэх мэдээлэл гарснаас хойш өнөөдрийг хүртэл тус байгууламж ашиглалтад ороогүй байна.
Тус асуудлаар манай сайт ХХААХҮ-ийн яамны шинжээч Ч.Болдбаатраас тодруулахад тэрээр, “Тухайн компани зураг төслөө боловсруулж, магадлалаар оруулсны дараа байгууламжийн төсөв 6.9 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Мөн тэрээр цэвэрлэх байгууламжийг 2026 онд багтаан ашиглалтад оруулна” гэж мэдээлсэн байдаг.
Бид Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн тендер, ажлын явц, ашиглалтад оруулах хугацаа болон төсөв нэмэгдсэн шалтгааны талаар “Саруул цамхаг” ХХК-ийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бадрахаас тодруулахаар ажил дээр нь очсон.
Гэвч биднийг очих үед Б.Бадрах ажил дээрээ байгаагүй бөгөөд гарч явсан талаар нягтлан бодогч нь мэдээлсэн юм.
Ингэснээр 2020 оны тавдугаар сарын 29-нд ашиглалтад орох ёстой байсан байгууламж яагаад зургаан жил гацсан, төсөв нь ямар үндэслэлээр нэмэгдсэн, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа зэрэг олон нийтэд хамааралтай асуултад гүйцэтгэгч талаас тодорхой хариулт авах шаардлага хэвээр үлдэж байна.
Б.Бадрахын “Саруул цамхаг” ХХК нь дээрх байгууламжийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд өөр нэг улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажилд шалгарсан талаарх мэдээлэл мөн анхаарал татдаг.
Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр нээсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зарлагдсан ХХААГ-ын лабораторийн барилгын тендерт нийт зургаан компани өрсөлдсөн байдаг.
Тухайн үед үнэлгээний хорооны зарим гишүүд шаардлага хангаагүй “Саруул цамхаг” ХХК-д илт давуу байдал үүсгэн тендер олгосон гэх мэдээллийг үнэлгээний хорооны гишүүд болон тендерт өрсөлдсөн компанийн төлөөллүүд хэлдэг.
2020 онд ашиглалтад орох ёстой байсан цэвэрлэх байгууламжийн ажил дуусаагүй байхад, нөгөө талаас тус компанид дараагийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил очсон эсэх нь анхаарал татах асуудал юм.
Б.Бадрах нь 2024 онд Ховд аймгийн ИТХ-ын сонгуульд Хайрхан багт Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч юм.
Мөн тэрээр эхний ажлаа гүйцэтгээгүй байх зуураа шагнал гэлтэй дараагийн албан тушаал болох “Хөшөөт тогтвортой хөгжил сан”-гийн даргаар томилогдсон байна.
Тэрээр сангийн даргаар томилогдсоны дараа ажлаа авсан даруйдаа тус сангаас 20 сая төгрөгийн төсөв гаргаж, ЗДТГ-ын дөрөвдүгээр давхарт байрлах хоёр өрөөг тохижуулсан байна.
Өөрөөр хэлбэл, өмнөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй, ашиглалтад ороогүй байхад дараагийн ажил, албан тушаалыг хүлээн авсан нь олон нийтийн анхаарлыг татахуйц асуудал болж байна.?
Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга нь тэнхлэгээрээ 30.0х8.0 метр хэмжээ бүхий тэгш өнцөгт хэлбэртэй, нэг давхар төмөр бетон каркасан хийцтэй, тоосгон дүүргэгч ханатай юм.
Анх төлөвлөснөөр тус цэвэрлэх байгууламж нь хоногт 1,500 м³ бохир усыг механик, химийн болон биологийн аргаар цэвэрлэх хүчин чадалтай.
Мөн дөрвөн авто зогсоол, авто засвар, угаалга, засварын цехийн өрөө тус тус байхаар төлөвлөжээ.
Цэвэрлэх байгууламж нь үйлдвэрээс гарсан бохир усыг 90 хүртэлх хувиар цэвэрлэх зориулалттай.
Энэ байгууламж ашиглалтад орсноор зөвхөн нэг барилга ашиглалтад орж байгаа хэрэг биш юм.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, ноос, ноолуур угаах, цаашлаад ээрмэл, ширмэлийн үйлдвэр, өлөн гэдэс угаах, сүү, мах боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах суурь бүрдэх боломжтой.
Мөн орон нутгаас арьс шир, ноос, мах зэрэг түүхий эд авах хэрэгцээ нэмэгдэж, малчдын бүтээгдэхүүнийг дотоодод боловсруулах зах зээл өргөжих боломжтой. Үүнийг дагаад орон нутагт ажлын байр, татварын орлого нэмэгдэхээс гадна экспортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.
Гэвч эдгээр боломжийг бий болгох учиртай цэвэрлэх байгууламж анх 2020 онд ашиглалтад орох ёстой байсан ч 2026 оныг хүрээд байна.
Одоо хүртэл ашиглалтанд ороогүй асуудалд гүйцэтгэгч компани болон холбогдох байгууллагууд тодорхой хариулт өгөх шаардлагатай боловч тус асуудал хариултаа авч чадалгүй асуулт хэвээр үлдлээ.






















Хариулт (0 )