Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалаг ажлын өрөөгөө сольж, ажилчдын амралтын өрөөг өөрийн хэрэгцээнд тохижуулсан гэх мэдээллийн дагуу Ховд.мн сайт тодрууллаа.
Тэрбээр “Би ганцхан өрөө сольсон. Миний одоо ажиллаж буй өрөөнд өмнө нь олон хүн шахцалдан сууж ажилладаг байсан тул тэднийг хуучин даргын өрөөнд оруулж, харин зай бага байсан энэ өрөөг өөрийн ажлын өрөө болгосон. Өрөөний тавилгыг солиогүй, хуучныг нь ашиглаж байгаа. Харин сандлын хувьд 7 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хэрэглэж байсан тул авчирсан. Өмнөх даргын хэрэглэж байсан сандлыг хүрэлцээгүй тул нэг мэргэжилтэнд өгсөн.
Амралтын өрөөний хувьд манай байгууллагын ажилтнуудад үргэлж нээлттэй. Өмнө нь даргын өрөө хаалттай байдаг байсан бол одоо нээлттэй болсон. Ажилчид одоо ч орж амарч байгаа” гэж тайлбарлав.
Тус байгууллагын ажилтнуудаас дээрх асуудлаар тодруулахад “Бидэнд өдөрт амрах зав гардаггүй. Цайны цагаар л гэртээ харихыг боддог. Ажлын ачаалал их, мэргэжилтнүүд дутмаг. Сүүлийн 2–3 жил ажлын байр зарласан ч хүн орж ирээгүй. Тухайлбал, гадаад хэл, хөгжим, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн дутуу байна. Бид олон ажлыг зэрэг хийдэг тул зав гардаггүй.
Амралтын өрөө бидэнд бодитоор байдаггүй. Даргын өрөөний ард байрлах амралтын өрөөнд бид чөлөөтэй ордоггүй. Өмнө нь ашигладаг байсан. Одоо амрах шаардлага гарвал доод давхарт байрлах сургалтын танхимд амардаг. Даргын өрөөний ард байрлах өрөөнд зөвхөн уулзалттай үед л ордог” хэмээв.
Мөн Ц.Алтантунгалаг нь манай сайтад өгсөн тайлбартаа “мэргэжилтэн олон тул өмнөх даргын сандлыг өгсөн” хэмээсэн бол ажилтнуудын зүгээс мэргэжилтэн дутмаг байгааг онцолсон нь анхаарал татаж байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан удирдах албан тушаалтнуудад заавал тусдаа амралтын өрөөтэй байх, дарга солигдох бүрд шинэ тавилга худалдан авч төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэг уламжлал мэт тогтсон хандлагыг шинэчлэх шаардлагатай байгааг энэ асуудал харуулж байна.






















Хариулт (0 )