БОЭТ-ийн халаалт хангалтгүйгээс өвөлжилт хүндрэх асуудлыг хувийн хэвшлийн эх үүсвэрээр шийдэж байна
Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн /БОЭТ/ Эх барих, эмэгтэйчүүдийн клиник болон бусад байр “Ховд дулааны станц” ТӨХК-аас төвлөрсөн халаалтаа авдаг. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд тус дулааны станцын хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, ачаалал ихэссэнээс БОЭТ-ийн байрнуудын халаалт өвлийн улиралд хангалтгүй байгаа талаар эмнэлгийн удирдлагууд хэлж байна.
Үүний улмаас эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчид өвлийн улиралд хүйтэн орчинд ажиллаж, үйлчлүүлэх нөхцөл үүсжээ. Тиймээс БОЭТ халаалт, дулаан хангамжийн асуудлаа хувийн хэвшлийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.
БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох халаалтын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ:
“Анх шинэ дулаанд холбогдоход зуухууд шинэ, ачаалал бага байсан тул хоёр жил сайн халсан. Дараагийн жилээс халаалт муудаж, сүүлийн таван жил маш хүйтэн өвөлжиж байна.
Энэ тухай “Ховд дулааны станц” ТӨХК-д хандахад танай байгууллагын дулаан алдалтаас болж байна гэдэг. Мэргэжлийн хүмүүсээс судлахад халаалт сайн ирж байгаа бол зүгээр гэсэн. Гэтэл тасалгааны температур ядаж 18 хэм байх ёстойгоос 10 хэмд ч хүрдэггүй.
Өвөл болохоор тус эмнэлгийн байрны дээврээс сийгэж, зун болохоор халдаг. Бүх эмнэлгийн байрууд тень залгадаг. Хоёрдугаар давхарт эмнэлгийн тоног төхөөрөмжүүд ажилладаг тул тень залгахад хүчдэл буурдаг. Тог хүрэлцэхгүйгээс рентген шатаж, засварлаж байсан. Том тоног төхөөрөмж ажиллуулахад эрсдэлтэй.
Зуны улиралд тог цахилгаанд 25 сая гаруй төгрөг төлдөг бол өвөл болохоор тень залгаснаас 20 орчим сая төгрөгөөр нэмэгддэг. Гэсэн ч тень залгасан ч хүйтэн байдаг” хэмээн ярьлаа.
Мөн халаалтын асуудлаас үүдэн өмнөх жилүүдэд тэг зогсолт хэд хэдэн удаа хийж байсан бөгөөд халаалтын асуудлаар Засаг дарга болон Онцгой комисст хандсан байна. Улмаар Онцгой комиссоос халаалтын асуудлыг тусад нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.
Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа Ховд аймагт ажиллах үеэр Ховд аймгийн Засаг дарга халаалтын асуудлыг уламжилжээ. Тухайн үед төсөв, хөрөнгө байхгүй тул чухал объектуудын халаалтын асуудлыг аймаг дотроо зохицуулах үүргийг Б.Найдалаа сайд өгсөн байна.
БОЭТ-ийн мэдээлснээр, сард халаалтын зардалд 124 сая төгрөг төсөвлөгддөг. Гэвч тарифын зөрүүтэй холбоотойгоор тус байгууллага “Ховд дулааны станц” ТӨХК-д сүүлийн хоёр жилд нийт 400 орчим сая төгрөгийн өр үүссэн байна. Тарифын зөрүү улсын төсвөөс шийдэгдэж ирэхгүй, орон нутаг мөн нөхөн олговор хийх боломжгүй байгаа нь халаалтын асуудлыг хүндрүүлж байгаа талаар БОЭТ-ийн дарга хэллээ.
Иймээс эмнэлгийн зүгээс халаалтын асуудлаа хувийн хэвшлийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, “Булган хишиг” ХХК-ийн ОХУ-ын дулааны зуухыг ашиглан халаалтаа шийдвэрлэхээр төлөвлөжээ.
БОЭТ нь халаалтын асуудлаа тусад нь шийдвэрлэх ёстой гэсэн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд “Булган хишиг” ХХК-д халаалт нийлүүлэх санал тавьжээ. Тус компанийн зүгээс төсөв, зураг төслийг гаргаж өгсний үндсэн дээр хоёр тал тохиролцож, зуух угсралтын ажил өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай үргэлжилж байна.
Одоогоор халаалт өгөх бэлтгэл ажлыг хангаж, гурван хоногийн дараа дулаанаар хангахад бэлэн болох аж. Тус халаалтын системд ОХУ-ын Барнаул хотын зуух үйлдвэрлэгч үйлдвэрээс авсан, нэг бүр нь 2 МВт-ын хүчин чадалтай хоёр зуухыг суурилуулсан байна.
Зуухны горимыг технологийн дагуу зөв баримтлан ажиллуулж, түлшийг 90-ээс дээш хувийн үр ашигтай шатаахад утаа ялгаралт бага байдаг талаар “Булган хишиг” ХХК-ийн захирал Б.Амарбанатар ярьлаа.
БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох “Чухлын эрэмбээр эрэмбэлэхэд хүний эрүүл мэнд хамгийн чухал. Үнэ тарифын хувьд манайх нэг метр квадрат талбайг 2223 төгрөгөөр халаахаар тооцож байгаа бөгөөд 2024 онд мөрдөгдөж байсан үнээр дулаан авахаар болсон. Одоо ашиглахаар төлөвлөж буй энэ зуух утаа гаргадаггүй, халаалт сайн өгнө” гэв.
Харин Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн мэргэжилтэн Ц.Нарангэрэлийн хэлснээр, тус клиникийн байр өвлийн улиралд цонх цантдаг, хүйтэн, зуны улиралд хэт халдаг байна.
Тэрбээр:
“Урьд нь төрсөн эхчүүд болон нярай хүүхдүүд даарч байна гэсэн асуудал яригдаж байсан. Тиймээс халаалтын системээ сольж байгаа. Боломжийнхоо хэрээр эх, нярайд таатай орчин бүрдүүлэхийг хичээж байгаа. Санхүү, эдийн засгийн асуудал тулгардаг уу гэвэл тулгардаг” хэмээн ярьсан юм.
Харин тус байгууллагын үйл ажиллагаа хариуцсан дэд дарга М.Эрдэнэбаярын хэлснээр, төсөв, мөнгөний хүрэлцээ муу тул Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн засварын ажлыг бүрэн гүйцэд хийж чаддаггүй байна. Тиймээс дулаан их алддаг аж.
Тэрбээр “Дээврийн хэсгийн хувьд хаалгыг хөнжлөөр дулаалсан, шилэн дээвэртэй хэсэг нь засвар хийгдэхгүй удааснаас дусаал дусаж, хүйтэн ордог байна. Энэ жилийн хувьд БОЭТ-ийн төрөх эмнэлгийн дээвэр, гадна фасадны зураг, төв эмнэлгийн гадна фасадны зураг хийлгэхээр болсон. Сүүлийн гурван жил ийм байдалтай байгаа юм” хэмээн ярьсан юм.
Эх барих, эмэгтэйчүүдийн клиник нь 2011 онд баригдсан бөгөөд чанар муутай, дулаан их алддаг, нэг л зургаар баригдсан, цахилгааны масс хүртэл гардаг хэмээн БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох ярьлаа. Тус барилгыг “Ховдын өргөө” ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд улсад төлдөг татварын нэг хувиар засварын ажил хийлгэхээр “Шим ус” ОНӨААТҮГ-т хандсан боловч аймгийн Аудит, Татварын газраас зөвшөөрөөгүй байна. Учир нь орлого нь төлөвлөгдөж, хуваарилагдсан тул өөр компанид хандахыг зөвлөсөн хариу өгсөн байна.
Ийнхүү БОЭТ-ийн зүгээс өвлийн улиралд халаалт хангалтгүй байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төвлөрсөн дулааны эх үүсвэрээс тусгаарлаж, хувийн хэвшлийн утаагүй дулааны эх үүсвэр ашиглах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.





















Хариулт (0 )