ХЭҮК-ийн ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна
Өнгөрсөн долоо хоногт “Ховд.мн” сайтын сурвалжлах баг “Мирас” НҮТББ-ын дотуур байраны багш, оюутнуудыг зодсон гэх асуудлыг сурвалжилж, үүнтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагын талаар мэдээлсэн. Тодруулбал, Ховд аймагт “Мирас” НҮТББ, “Амгалан ирээдүй” НҮТББ, “Өв соёлын гялбаа” НҮТББ-ын дэргэд дотуур байр нууцаар шашны үйл ажиллагаа явуулж байж магадгүй талаар эх сурвалжийн баримтад үндэслэн мэдээлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, дээрх төрлийн дотуур байрны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр дотуур байрны үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж байгаа эсэх, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой эсэх, төрийн бус байгууллага дэргэдээ дотуур байр ажиллуулах эрх зүйн боломжтой эсэх, холбогдох стандарт, дүрэм, журмын талаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн юм.
Г.Ууганбаатарын мэдээлснээр, Ховд аймгийн хэмжээнд төрийн бус байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа гурван дотуур байр байна. Эдгээр дотуур байрны хувьд эрх зүйн зохицуулалт болон санхүүжилтийн асуудал тодорхой бус нөхцөл байдалтай байгаа аж.
Тухайлбал, хөнгөлөлт, тусламж болон тодорхой хэмжээний төлбөрөөр хүүхдүүдийг байрлуулж байгаа боловч энэ нь үйл ажиллагааны нэг, хоёр сарын зардлаас хэтрэхгүй байна. Харин үлдсэн саруудын хэрэглээний зардлыг төрийн бус байгууллага ямар эх үүсвэрээр бүрдүүлж байгаа асуудлыг анхаарах шаардлагатай бөгөөд холбогдох байгууллагууд хяналт тавих ёстойг хэллээ.
Мөн эдгээр дотуур байрны үйл ажиллагаанаас үүдэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх болон бусад эрх зөрчигдөж байгаа эсэх, өмнөх хугацаанд гарсан зөрчлийг арилгуулахын тулд тухайн байгууллагууд ямар арга хэмжээ авсан, цаашид хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгааг шалгаж байгаа талаар мэдээлэв.
Өнгөрсөн хугацаанд шашны дотуур байранд хяналт шалгалт хийх явцад Исламын шашны Коран судрыг олноор нь байршуулсан тохиолдол илэрч байжээ. Гэхдээ хүүхдүүдийг шашин шүтэхэд албадсан гэх баримт одоогоор тогтоогдоогүй байна.
Насанд хүрээгүй, эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдийг шашин шүтэхэд албадан оруулах нь хүний эрхийн зөрчил болох боломжтой. Иймээс энэ асуудлыг хүний эрхийн үүднээс анхаарч, шалгах шаардлагатайг ХЭҮК-ээс үзэж байна.
Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай холбоотой стандарт, зохицуулалт байдаг. Харин төрийн бус байгууллага дэргэдээ дотуур байр ажиллуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт дутмаг, тодорхой бус байгаа нь асуудал дагуулж байна.
Ховд аймагт дотуур байрны үйл ажиллагаатай холбоотой хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн талаарх мэдээлэл ХЭҮК-ийн гомдол, мэдээллийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн тул шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Г.Ууганбаатар мэдээллээ.
Хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт тодорхой байх шаардлагатай. Гэтэл энэ төрлийн дотуур байрны үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт тодорхой бус байгаа нь хүний эрх зөрчигдөх эрсдэлийг бий болгож болзошгүй тул холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шаардлагатай тохиолдолд чангатгах асуудал хөндөгдөж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс нь нийгэмд үүсэж буй хүний эрхийн асуудал, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд хяналт шалгалт явуулдаг. Тус комисс 2025 оны намар Баян-Өлгий аймаг дахь төрийн бус байгууллагын дэргэд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа эрхэлж буй асуудлаар үе шаттай хяналт шалгалт хийж, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан байна.
Дээрх төрийн бус байгуулгуудын дотуур байрны үйл ажилгаатай холбоотой бусад асуудалд холбогдох байгууллагууд үүргийн дагуу хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлагатай байгааг холбогдох албаны зүгээс мэдээллээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, дэмжих, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэгжилтэд хяналт тавих хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм.
Тус комисс нь хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгах, хүний эрхийн нөхцөл байдалд хяналт, судалгаа хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд шаардлага, зөвлөмж хүргүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авахуулах чиг үүрэгтэй.
Мөн хууль, захиргааны шийдвэрийн төсөл хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах, хүний эрхийн боловсрол, мэдээллийг түгээх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн илтгэл гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй юм.
Иймд аливаа эрх зөрчигдсөн тохиолдолд Хүний эрхийн үндэсний комиссын тусгай утсанд хоблогдож мэдээлэл өгөх боломжтой юм.






















Хариулт (0 )