Хотгор зам ХХК 2020 онд Азийн хөгжлийн банкны 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Мөст суманд 20.3 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулаад нэг жилийн нүүр үзэж байгаа хэдий ч 2021 онь 8-р сарын 17-18-нд орсон борооны үерийн улмаас 250 м орчим зам хагарч гэмтсэн нь нутгийн иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Зам хагарсан асуудлаар Ховд аймгийн МХГ-ын авто замын хяналтын улсын байцаагч Б.Ганзориг газар дээр нь очиж ажиллалаа.
Анх зам баригдах ажлын зураг төсөл хийгдэх үед нутгийн иргэдийн зүгээс гүүр тавих шаардлагатай гэдэг саналыг хэлж байсан болов ч гүүр тавиагүйн улмаас үерийн далан буюу ус зайлуулах хоолой үерийн усыг чөлөөтэй урсгаж нэвтрүүлж чадаагүй учраас замын хоёр тал руу үерийн ус орж зам гэмтсэн. Энэ нь техникийн алдаа, зураг төсөл тооцоололгүй дутуу дулимаг хийгдэж, хяналт муу тавигдснаас үүдэлтэй хэмээн тус сумын ЗДТГ-ын дарга Х.Соёлмаа хэллээ.
Зам яагаад их хэмжээний хагарч гэмтэв, технологийн алдаа байсан уу эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс үүдэлтэй юу, гэдгийг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдож хохирлын хувь хэмжээ гарах юм байна. Тэгвэл Хотгор зам ХХК ямар туршлагатай компани бэ? Өмнө нь замын чиглэлээр ямар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байв, тус ХХК-ийн тавьсан зам яагаад хагарч гэмтэв гэдгийг тус ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Буджаваас утсаар тодруулахад манай ХХК-иас үүдэлтэй технологийн алдаа гэдэг нь тогтоогдвол бид замаа засварлах болно.Манай ХХК 3 жилийн баталгаат хугацаа өгсөн. Энэ хугацаанд манайхаас үүдэлтэй гарсан замын гэмтлийг бид хариуцна гэв.
Зам эвдэрснээс үүдэлтэй нутгийн иргэд чөлөөтэй зорчих боломжгүйд хүрээд байгаа юм. Иймд мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ түргэн шуурхай гаргаж хагарсан замыг богино хугацаанд засаж засварлах шаардлагатай байна. Нөгөө талаасаа зам удаан жилийн насжилттай чанартай хийгдсэн бол хагарч гэмтэх байсан уу гэдэг асуулт ч нутгийн иргэдийн дунд гарч байна.
Хагарсан замын асуудлаар Ховд.мн сайтын сурвалжлах хэсэг энэ сарын 23-ны өдөр газар дээр нь очиж ажиллаад ирлээ. Тун удахгүй дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэх болно.
2021.08.24
Хариулт (0 )