Ховд аймагт 6, 7 дугаар сард олон жилийн дунджаас илүү халуун байх төлөвтэй байна
Энэ зун зургаа, долоодугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, халуун байх төлөвтэй байгааг Ховд аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Мөн хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор боломжит нөхцөлд үүл буудах ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна.
Ховд аймагт ойрын өдрүүдэд сэрүүхэн, хур тунадастай өдрүүд үргэлжилж байна. 2026 оны тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 3-ныг хүртэлх 10 хоногийн урьдчилсан төлөвөөр 25, 30, 31-нд зарим газраар, 29-нд уулархаг нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна.
Мөн 28, 29-нд баруун өмнөөс секундэд 5-10 метрийн салхи салхилж, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэх аж. Харин 27-ноос нийт нутгаар дулаарч, уулархаг нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байх төлөв гарчээ.
Албаныхны мэдээлснээр Номхон далайн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр энэ оны зургаа, долоодугаар сар олон жилийн дунджаас дулаан, халуун, хур тундас бага байх төлөвтэй байгаа юм байна. Энэ хаврын хувьд хур тунадас харьцангуй сайн байгаа бөгөөд боломжит нөхцөлийг харгалзан үүл буудаж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өнгөрсөн жил цаг агаарын процессын хувьд үүл буудах боломжит нөхцөл бүрдээгүйн улмаас хур тунадас бага, гандуу байсан талаар тайлбарлав.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх гэдэг нь боломжит нөхцөл бүрдсэн үед үүлэнд нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажиллагаа юм. Ховд аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн судалгаа хийж, үүл буудах ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 100 гаруй төрлийн үүл байдгаас хур тунадас үүсгэх боломжтой бөөн болон давхраат борооны үүлэнд л зориудаар нөлөөлдөг байна. Үүл буудахдаа мөнгөний иодид зэрэг бодис ашиглан үүл доторх усны дусал, мөсөн талстыг томруулж, хур тунадас болгон буулгах зарчмаар ажилладаг аж. Харин нимгэн, хуурай, хур үүсгэх чадваргүй үүлэнд нөлөөлөөд үр дүн гардаггүй гэдгийг албаныхан тайлбарлалаа.






















Хариулт (0 )