Ховд аймгийн Дарви сумын төвд оршин суух Б.Одончимэг гэх эмэгтэй 6-13 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Түүний нөхөр нас бараад жил гарантай хугацаа өнгөрч байгаа аж. Б.Одончимэг 3 хүүхдээ өлсгөж, дааруулахгүй, амьдралаа авч явахын тулд ажил хийхээс өөр сонголтгүй. Тухайн өдөр 3 хүүхдээ гэртээ орхиод ажилдаа явсан хойгуур тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар эхнэрийнхээ хамтаар гэрт нь ирж 3 хүүхдийг нь машинд суулгаад аваад явжээ. Ингээд ээжийнх нь ажил дээр дагуулан очиж танай хүүхэд чинь миний дугуйг хулгайлсан тул цагдаа руу авч явж байна гэжээ. Үүний дараагаар 13 настай охиныг нь цагдаагийн хэлтэсрүүгээ оруулж гавлаад харанхуй өрөөнд хонуулсан тухай охин болоод охины ээж ярилаа. Мөн гавтай байх хугацаанд цагдаагийн алба хаагч охины гэдсэнд буу тулгаж, хана мөргүүлэн алгадаж ээмгийг нь хугалж, хоолойноос нь дээшээ өргөж, гарыг чинь тайрна шүү хэмээн айлган сүрдүүлж хэрэг тулгасан тухай ноцтой асуудлуудыг ярьсан юм. Мөрдөс зүүсэн цагдаагийн албан хаагч бяцхан зүрхэнд эр бяраа гаргаж, харгалзах хүний зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг авах нь хуульд хэр нийцэх вэ?, Харин энэ асуудалд хүүхэд хамгааллын баг анхаарлаа хандуулж нөхцөл байдлыг судалж байгаа бол тус цагдаагийн алба хаагчид албаны шалгалтыг прокурорын хяналтан доор явуулахаар болжээ.
Хариулт (0 )