Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын орлогч Б.Туулайтулга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Орчлон плаза” ресторанд болсон Ховд аймгийн залуучуудын холбооны “NEXT STOP” шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаан дээр халамцуухан гарч ирж 0.7 га газрын азтан шалгаруулсан. Түүний энэ үйлдлийг тухайн үед иргэд олон нийт эсэргүүцэж, төрийн өмчийн газрыг сугалаагаар олгох эрх мэдэл түүнд байгаа юу гэдэг асуудлыг хөндөж шүүмжилсэн. Бид энэ асуудлын мөрөөр сурвалжилсан юм. Б.Туулайтулга дарга тухайн өдөр болсон шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагааны тайзан дээр гарч хэлэхдээ би эрх мэдлийнхээ хүрээнд 0.7 газрын азтан шалгаруулж байна гэж өөрөө азтангаа тодруулсан. Азтангаар Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Б.Батсайхан 248 тоот сугалаагаар азтан болсон ч тухайн үед батламжийг өгөөгүй гэв. Б.Батсайханы хувьд 2007 онд газар хүсэж газрын албанд өргөдөл өгсөн ч өнөөдрийг хүртэл газраа шийдүүлж чадаагүй явсан түүнд энэ мөч амьдралд нь мартагдахааргүй дурсамжийг үлдээж чадсан тухай ярьж байсан. Гэтэл халамцуу даргын бодлогогүй үйлдэл түүний эрх мэдэлд ч хүрхээргүй асуудал болж хувирсан. Жирийн иргэдэд олддоггүй газар захын хурган даргын халаасанд явж байдаг гэдгийн бодит жишээг Б.Туулайтулга дарга өөрийн биеэр харуулаад амжсан билээ. Газрыг олгох журам бий. Тухайлбал: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэний өргөдлийн дагуу шийдвэрлэдэг байна. Ийнхүү өөртөө хэт хамааралгүй асуудлыг албан тушаалаа ашиглаж, даргын сэнтийд суусан хүн бүр хууль бус үйлдэл хийж болно гэж андуурсан уу. Эсвэл архиныхаа халуунд бардаж хэлсэн үү. Ямартай ч төрийн өмчийн газар захын хурган даргын халаасанд явдаг гэдэг ойлголтыг олон нийт аваад байсан. Тухайн үед Б.Туулайтулга дарга олон нийтээс уучлалт гуйж иргэнд өөрийнхөө эзэмшлийн 0.7 га газрыг өгнө гэдгээ хэлсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэл тухайн иргэнд газрыг нь өгөөгүй байгаа юм. Түүнээс тодруулахад би газрыг нь өгөхөд бэлэн байна. Өөрөө надтай ирж уулзаагүй байна хэмээв. 2022.12.21
Хариулт (0 )