10 настай А.Амина охины гэгээн дурсгалд зориулан сургуульд нь зул өргөлөө
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр сураггүй болсон 10 настай А.Амина охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Охин тухайн өдөр хөрш айлын хүмүүстэй тарвас хураахаар явна гэж хэлээд гэрээсээ гарсан бөгөөд улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм.
Охины ээж есдүгээр сарын 1-ний өдөр манай сайтад хандаж, А.Аминагийн суралцаж байсан анги танхимд нь сургуулийн захиргаа, багш, найзуудынх нь хамт зул өргөж, дурсах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ хүрээнд бид талийгаач охины ээж Б.Алтангүлтэй хамт сургуульд нь очлоо. Биднийг очиход сургуулийн захиргаа, ангийн багш болон А.Аминагийн хамт суралцдаг найзууд нь хүрэлцэн ирж, охины ар гэрт эмгэнэл илэрхийлж байлаа.
Ангийн багш П.Гэрэлцэцэг А.Аминаг нийтэч, тусархаг, авьяастай, сэргэлэн цовоо, нээлттэй хүүхэд байсан хэмээн дурссан юм. Тэрээр “Өнөөдөр ангийн минь нэг цэцэг хорвоог орхилоо. Анги нийтээрээ уй гашууд автсан хүнд өдөр байлаа. Бид ангийнхаа охиныг үргэлж дурсаж явах болно. Амина нийтэч, тусархаг, авьяастай, сэргэлэн цовоо, нээлттэй хүүхэд байсан. Том болоод эмч болно гэж ярьдаг байсан. Түмний олон цэцэг дундаас нэг нь байхгүй болсон нь үнэхээр харамсалтай байна. Хичээл, сургууль амарсан цаг байсан тул бид эрэн хайх ажиллагаанд бүгд оролцсон” хэмээн ярьлаа.
Харин охины ээж Б.Алтангүл “Миний охин одоо байсан бол тавдугаар ангид орох байсан. Ийм зүйл болно гэж огт бодоогүй явлаа. Одоо миний зүрхэнд л үлдэж байна. Ээжээ, би эмч болоод таныг сайн эмчилж өгнө. Би мэргэжлээ сольж эмч болно гэж ярьдаг байсан” хэмээн ярив.
Мөн охины ээж гэрээсээ гарах тоолонд хөрш айлын хашаанаас гараад ирэх юм шиг хараглаж охиноо байнга санаж, сэтгэл санааны хувьд хүнд байгаагаа хэлсэн юм.
Үүнтэй холбогдуулан манай сайт охины ар гэрт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг мэдээлсэн. Үүний үр дүнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас олон улсын сэтгэл зүйчдийн багийг Ховд аймагт ажиллуулахаар болсон байна.
Одоогоор уг хэргийг холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан нэр бүхий этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Цаашид хэрэг хэрххийг бид ажиглаж байна.
Манай сайт цаашид уг хэргийн үнэн зөв шийдэгдэх хүртэл мэдээллийг цаг тухайд нь холбогдох байгууллагын албан ёсны мэдээллийг эх сурвалжид тулгуурлан хүргэх болно.






















Хариулт (0 )