khovd.mn

Р.Булгамаа өмгөөлөгч өнөөдөр талийгаач охины аавыг хүлээж авч уулзжээ

10 настай А.Амина охины ар гэр нийслэлд иржээ. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр сураггүй болсон 10 настай А.Амина охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг Улаанбаатар хот дахь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан талийгаач охины аав хэрэг хянан шийдвэрлэх […]

0
2
Р.Булгамаа өмгөөлөгч өнөөдөр талийгаач охины аавыг хүлээж авч уулзжээ

10 настай А.Амина охины ар гэр нийслэлд иржээ.

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр сураггүй болсон 10 настай А.Амина охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг Улаанбаатар хот дахь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн шалгаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан талийгаач охины аав хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, өмгөөлөгчтэй уулзах болон холбогдох байгууллагад мэдүүлэг өгөхөөр хүүхдийн хамт нийслэлд иржээ. Тэд өнгөрсөн шөнө автобусаар Улаанбаатар хотод ирсэн байна.

Тэдний хууль ёсны өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажиллаж байгаа юм.

Охины аав өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө “Хотод ах дүү, танил тал гээд байх хүн цөөн. Нааш цааш их л явах бололтой. Нэг хүүхдээ дагуулаад ирсэн. Энд танил, дүүгийндээ түр байлгаж байна. Энд сургуульд оруулах бодолтой байгаа. Тэндээ байж суух арга үнэхээр хэцүү байна. Дүү нар нь эгчийгээ гэж уйлаад л, яг хөрш айл нүдэнд харагдаад хэцүү байгаа. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй” хэмээн ярьсан юм.

Харин хууль ёсны өмгөөлөгч Р.Булгамаа хэрэгт холбогдуулан гурван иргэнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлсэн.

Тэрээр “10 настай хүүхдийн амь хохирсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, гурван иргэнийг цагдан хориод байна. Анх хүнийг алах гэмт хэргээр яллагдагчаар татсан бөгөөд хэргийн зүйлчлэлийн тухайд хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлыг тусган шалгаж байгаа.

Үүнд биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг бүлэглэж, онц хэрцгий аргаар амь насыг нь бүрэлгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагын ажлын хэсэг цагдан хоригдож буй гурван иргэний үйлдэл, оролцоо ямар байсан, ямар санаа зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн болон яагаад ийм нөхцөл байдал үүссэн талаар олон талаас нь тогтоохоор ажиллаж байгаа учраас тодорхой хугацаа шаардагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн өмгөөлөгч Р.Булгамаа 10 настай хохирогч охины ар гэрийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн талаар ярьсан юм.

Улмаар өмгөөлөгч Р.Булгамаа цахим орчинд нийслэлийн захиргаанаас талийгаач охины ар гэрийнхнийг хүйтний улирал дуустал түрээсийн байраар хангахаар болсон талаар мэдээллээ.

Тэрээр “Хүйтний улирал дуустал түр суурьших түрээсийн байранд хотын захиргаанаас оруулахаар боллоо. Бид хотын захиргаанаас гараад явж байна. Маргааш өглөө түрээсийн байрандаа орно” хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Одоогоор уг хэргийг холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдогчдын гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл