khovd.mn

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээний хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр төслийн барилга угсралтын явц, техникийн шийдэл, цаашдын төлөвлөлт болон бүс нутгийн хөгжилд үзүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл авч, санал солилцсон юм. Барилга угсралтын ажлын явц болон бүтээн байгуулалтын талаар төслийн усны барилга байгууламжийн […]

0
23
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээний хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр төслийн барилга угсралтын явц, техникийн шийдэл, цаашдын төлөвлөлт болон бүс нутгийн хөгжилд үзүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл авч, санал солилцсон юм.

Барилга угсралтын ажлын явц болон бүтээн байгуулалтын талаар төслийн усны барилга байгууламжийн инженер Б.Балжинням танилцууллаа.

Түүний мэдээлснээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 366 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд календарчилсан төлөвлөгөөнөөсөө давсан үзүүлэлттэй ажиллаж байна. Бүтээн байгуулалтын талбайд өнөөдрийн байдлаар 300 гаруй ажилтан, ажилчид ажиллаж байгаа аж.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Ховд голын Шижигтийн хавцалд баригдаж буй бөгөөд усан боомт, усан сан, ус дамжуулах туннель, турбин генераторын байр, дэд станц болон цахилгаан дамжуулах байгууламж зэрэг үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Станц нь тус бүр 22.5 МВт-ын хүчин чадалтай дөрвөн турбин генератороор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгджээ.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн гурван аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 45 МВт байгаа бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор бүс нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, гадаад улсаас импортолдог цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах чухал ач холбогдолтой юм. Мөн дотоодын эрчим хүчний эх үүсвэр нэмэгдсэнээр бүс нутгийн үйлдвэрлэл, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл болон бусад салбарын хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ.

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр энэ үеэр хэлэхдээ, “ИТХ-ын төлөөлөгчдийн өдрийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад зохион байгуулж, бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцлаа. Мөн тус станцыг түшиглэн аялал жуулчлал, газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэх боломж, цаашдын төлөвлөлтийн талаар санал солилцлоо” хэмээн онцоллоо.

Түүнчлэн усан цахилгаан станцыг түшиглэн аялал жуулчлалын шинэ бүс бий болгох, усан сангийн орчныг түшиглэн амралт, чөлөөт цагийн аялал жуулчлал хөгжүүлэх, газар тариалангийн усалгааг сайжруулах, загас үржүүлэг болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжтойг танилцуулсан юм.

Энэ үеэр МУИС-ийн Бизнесийн болон бусад холбогдох салбарын сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Мөнхбаяр төслийн нөлөөллийн бүсээс илэрсэн археологийн олдвор, түүх соёлын дурсгалд тулгуурлан Монгол Улсад анхдагч археологийн музей байгуулах боломжийн талаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, 2020 онд төслийн нөлөөллийн бүсээс нийт 608 археологийн дурсгал илэрсэн бөгөөд үүнээс 585 дурсгалд авран хамгаалах малтлага хийж, баримтжуулах шаардлагатай аж. Энэ чиглэлээр 2026 онд Монгол Улсад археологийн судалгаа явуулдаг зургаан байгууллага 200 гаруй дурсгалд авран хамгаалах малтлага, судалгааны ажил хийж дуусгасан байна.

Монгол Улсын Соёлын яамнаас археологийн авран хамгаалах малтлага, судалгааг гурван жилийн хугацаанд үе шаттай зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн эхний шатны малтлага, судалгааны ажлыг эхлүүлжээ.

Цаашид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ойролцоо археологийн олдвор, түүх соёлын дурсгалыг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах зориулалттай музей байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцаж байгаа аж. Музей байгуулахад Соёлын яамны зөвшөөрөл болон тодорхой хэмжээний төсөв, хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Ийнхүү Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх байгууламж төдийгүй баруун бүсийн эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал, газар тариалан, хөдөө аж ахуй болон түүх соёлын өвийг хамгаалах чиглэлээр олон салбарын хөгжлийг дэмжих боломжтой томоохон бүтээн байгуулалт юм.

Төслийн барилга угсралтын хугацаанд 300 гаруй иргэн ажиллаж байгаа бөгөөд станц ашиглалтад орсны дараа ашиглалт, засвар үйлчилгээ, инженер техникийн болон удирдлагын чиглэлээр байнгын ажлын байр бий болохоос гадна дагалдах үйлчилгээ, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарт ажлын байр нэмэгдэх боломжтой.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл