khovd.mn

Хүлэмжийн аж ахуйг дэмжвэл баруун бүсийг жилийн дөрвөн улиралд дотоодын ногоогоор хангах боломжтой

Ховд аймгийн Жаргалант суманд 2023 онд “Ховд Агро Парк” ХХК-ийн хүлэмжийн цогцолбор байгуулагджээ. Тус цогцолбор нь өвлийн болон гурван улирлын хүлэмжээс бүрдэх бөгөөд нийт 70 гаруй хүлэмжийг 55 иргэн, аж ахуйн нэгжид түрээсийн гэрээгээр ашиглуулж, хүнсний ногооны тариалалт эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Улсын төсвийн 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худаг, харуул хамгаалалт, цэвэрлэх байгууламжийн […]

0
7
Хүлэмжийн аж ахуйг дэмжвэл баруун бүсийг жилийн дөрвөн улиралд дотоодын ногоогоор хангах боломжтой

Ховд аймгийн Жаргалант суманд 2023 онд “Ховд Агро Парк” ХХК-ийн хүлэмжийн цогцолбор байгуулагджээ. Тус цогцолбор нь өвлийн болон гурван улирлын хүлэмжээс бүрдэх бөгөөд нийт 70 гаруй хүлэмжийг 55 иргэн, аж ахуйн нэгжид түрээсийн гэрээгээр ашиглуулж, хүнсний ногооны тариалалт эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Улсын төсвийн 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худаг, харуул хамгаалалт, цэвэрлэх байгууламжийн систем зэрэг дэд бүтцийг шийдвэрлэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Нарлаг хүлэмжид зуны тариалалт хийдэг бол гурван улирлын хүлэмжид хавраас намрын сүүл хүртэл хүнсний ногоо тариалдаг байна.

Тус цогцолборт 2026 онд 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо тариалж, 15 тонн улаан лооль, 20 гаруй тонн өргөст хэмх, 2.5 тонн навчит болон бусад төрлийн ногоо хураан авчээ. Хураан авсан бүтээгдэхүүнээ Ховд аймгийн “Номин” худалдааны төв болон бусад цэгээр дамжуулан борлуулж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна баруун таван аймагт нийлүүлж байна.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн нэг С.Энхтуяагийн хувьд энэ жил хоёр дахь удаагийн тариалалтаа хийж байгаа бөгөөд халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэж чадвал өвлийн улиралд ч хүнсний ногоо тариалах бүрэн боломжтойг онцоллоо. Тариаланчид хөрсний үржил шимийг бууцаар бордож, ургацынхаа ихэнх хувийг органик бордоо ашиглан ургуулдаг байна.

Гурван улирлын хүлэмжийн онцлог нь хавраас арваннэгдүгээр сарын сүүл хүртэл ургац өгөх боломжтой бөгөөд улаан лоолийг нэг удаа, өргөст хэмхийг хоёр удаа хураан авдаг аж.

Харин тариаланчдын хувьд хүйтний улиралд халаалт, дулааны асуудал хамгийн ихээр тулгамддаг аж. Мөн эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ Эрчим хүчний яаманд хүргүүлсэн боловч татгалзсан хариу авсан талаар хэлж байлаа.

Тариаланчдын хэлж буйгаар, хүлэмжийн аж ахуйг дэмжиж, эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулан, халаалт дулааны асуудлыг шийдвэрлэвэл жилийн дөрвөн улиралд органик хүнсний ногоо тариалах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. Ингэснээр дотоодын хүнсний ногооны хангамжийг сайжруулж, импортын хамаарлыг бууруулахын зэрэгцээ баруун бүсийн иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл, эко хүнсээр тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл