khovd.mn

Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ажиллах цагийг уртасгах санал гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Замын-Үүд хилийн боомтод ажиллаж, боомтын үйл ажиллагаа, гаалийн шинэчлэл болон дэд бүтцийн нөхцөл байдалтай танилцлаа. Засгийн газраас гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тус […]

0
11
Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ажиллах цагийг уртасгах санал гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Замын-Үүд хилийн боомтод ажиллаж, боомтын үйл ажиллагаа, гаалийн шинэчлэл болон дэд бүтцийн нөхцөл байдалтай танилцлаа.

Засгийн газраас гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тус боомтоор 1.4 сая гаруй зорчигч нэвтэрсэн байна.

Гэсэн хэдий ч зорчигч, ачаа тээврийн урсгал жилээс жилд нэмэгдэж буйтай холбоотойгоор гаалийн хяналтын бүсийн багтаамж, дэд бүтцийн хүчин чадал өнөөгийн хэрэгцээг бүрэн хангахгүй байгааг холбогдох албаныхан танилцуулжээ. Тиймээс Замын-Үүд–Эрээн автозамын боомтын ажиллах цагийг уртасгах саналыг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн хяналтын бүсийн талбай хүрэлцээгүй, шалгалтын тавцангийн хүчин чадал бага, зам талбай, гэрэлтүүлэг, хяналтын камерын дэд бүтэц хангалтгүй байгаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгааг онцоллоо.

Мөн 2016 онд суурилуулсан суудлын автомашин шалгах рентген төхөөрөмж урсгал засварын санхүүжилтгүйн улмаас 2020 оноос хойш ашиглалтаас гарсан байна. Үүний улмаас өдөрт хилээр нэвтэрч буй 1,700 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд хүндрэл үүсэж байгаа аж.

Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Гаалийн ерөнхий газраас импортын ачаа болон цахим худалдааны барааны нэгдсэн терминалыг 80 орчим га талбайд байгуулах төлөвлөгөө боловсруулж, Сангийн яаманд танилцуулжээ.

Үүнээс гадна Замын-Үүд дэх гаалийн салбар лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан байна. Одоогоор амьтан, ургамал болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд хийх нарийвчилсан шинжилгээг Улаанбаатар хот руу илгээдэг нь ачаа тээврийн хугацаа болон зардлыг нэмэгдүүлж байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал боомтын үйл ажиллагааг шуурхай, ил тод болгох, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах чиглэлээр хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, газар дээр нь хийх боломжтой лабораторийн шинжилгээг Улаанбаатар хот руу давхар илгээдэг байдлыг зогсоох, салбар лабораторийн хүчин чадал, хүний нөөцийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.

Мөн боомтын дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, рентген тоног төхөөрөмжийг шинэчлэх, импортын ачаа болон цахим худалдааны барааны нэгдсэн терминал байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Түүнчлэн гарцын тоог нэмэгдүүлэх бэлтгэл хангах, ачааны цахилгаан автомашинд зориулсан тусгай гарц байгуулах, Замын-Үүд–Эрээн боомтын ажиллах цагийг уртасгах асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэх шаардлагатайг онцолсон байна.

Гаалийн шалгалт, барааны үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх нөхцөлийг арилгах, үйлчилгээний төлбөр, хугацаа, дарааллын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг мөн даалгажээ.

Ингэснээр Замын-Үүд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна ачаа тээврийн саатлыг бууруулж, гаалийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох зорилт тавьж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл