Ховд аймгийн Дөргөн сумын “Соёлын төв”-ийн хамт олон 2021онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа аймагтаа тэргүүлж шилдэг байгууллагаар шалгарсан амжилтаар 2022 оноо ийнхүү угтаж байна. Тус Соёлын төвийн хамт олон 54 үзмэр бүхий, 4 ханатай иж бүрэн Дөрвөд угсаатны гэр “Музейг” Соёлын төвийнхөө үүдний хүлээлгийн танхимд барьжээ. Энэ нь Дөрвөд угсаатны өв соёл, ёс заншлыг олон нийтэд сурталчилан таниулах, залуу хойч үед өвлүүлэн үлдээхэд чиглэгдсэн ажлуудын нэг хэсэг юм.
Дөргөн сумаар дайран өнгөрч буй гадна дотны зочид, нутгийн хүүхэд залуучууд эртний хэрэглэлүүдийг ихэд сонирхдог тухай хэлж байна. Мөн байгууллагынхаа хаяг болон ажлын бүхий л өрөө тасалгаануудын хаягыг кирилл, монгол бичгээр хослуулан хаягжуулсан нь үлгэр жишээ ажил болж чаджээ.
2021 онд “Дөргөн нуурын шаглаа”, Хос бичигтэн, Угсаатны хувцасаа нийтийн хэрэглээ болгоё, Дөрвөд хувцасаараа гоёцгооё гэх мэт томоохон зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласан байна.
Ийнхүү соёл урлагаар дамжуулж, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг 2021 онд шат дараатайгаар зохион байгуулжээ. Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байгааг ч онцоллоо.
Хариулт (0 )