khovd.mn

Ховд аймагт хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны аравдугаар сарын 2-ноос 14-ний өдрийг хүртэл Ховд аймагт хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд нийт 300 гаруй цэргийн насны залууст зарлан дуудах хуудас хүргүүлжээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа […]

0
22
Ховд аймагт хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны аравдугаар сарын 2-ноос 14-ний өдрийг хүртэл Ховд аймагт хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа.

Ховд аймгийн хэмжээнд нийт 300 гаруй цэргийн насны залууст зарлан дуудах хуудас хүргүүлжээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуягийн мэдээлснээр, энэ жилийн цэрэг татлагад залуусын идэвх, оролцоо өндөр байжээ.

Тэрбээр энэ жилийн цэрэг татлагын онцлогийн талаар мэдээлэхдээ:

“Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон цэрэг татлагын комисс урьдчилсан үзлэгээ хийсэн. Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн комисс манай аймагт ирж ажиллах явдал юм. Энэ үеэр Баян-Өлгий, Ховд, Увс буюу баруун гурван аймгийн цэрэг татлагын үзлэгээр тэнцсэн залуусыг дахин үзлэгт хамруулж, тэнцсэнийг нь баталгаажуулна. Үүний дараа цэргийн албанд татагдах залуусыг хуваарилна” хэмээн ярив.

Өмнө нь цэргийн албанд тэнцэж, ангидаа хуваарилагдан очсон залуусыг Зэвсэгт хүчний Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар дахин үзлэгт хамруулдаг байжээ. Тус үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн алба хаах шаардлага хангахгүй залуус илэрч, буцаах тохиолдол гардаг байсан талаар холбогдох хүмүүс мэдээллээ. Үүнийг зарим эцэг эхчүүд буруу ойлгодог байсныг мөн онцолж байв.

Түүнчлэн цэргийн алба хаах хугацаанд явагддаг сургалт, дадлага болон биеийн ачааллын явцад өмнө нь илрээгүй, далд байсан зарим өвчин эмгэг илрэх тохиолдол гардаг байна.

Оюутан залуус суралцаж буй сургуулиасаа нэг жилийн чөлөө авч, цэргийн жинхэнэ алба хаах боломжтой. Мөн хууль, журмын дагуу суралцаж буй хугацаандаа “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн бэлтгэл сургалтад оролцох боломжтой юм.

Цэргийн албанд тэнцсэн залуус эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр сайн дураараа алба хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Тэдний хувьд цэргийн алба хаах нь Монгол эр хүний нэр төртэй, хүндтэй үүрэг хэмээсэн юм.

2025 онд цэргийн жинхэнэ албанд татагдсан залуус 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр халагдан ирэх юм. Харин энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдсан залуус аравдугаар сарын 16-ны өдөр хуваарилагдан цэргийн албанд мордоно.

Зарлан дуудах хуудас авсан иргэн цэрэг татлагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэргийн албанаас зайлсхийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл