Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ нар есдүгээр сарын 29-нд Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, эдийн засаг, эрчим хүч, боловсрол болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгааг талууд онцолж, цаашид хамтын ажиллагааг бодит үр дүнгээр баяжуулах шаардлагатайг тэмдэглэв.
Хэлэлцээний хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн хүрээнд “Солилцох ноот бичиг”-т гарын үсэг зурж, баримт бичгийг харилцан солилцсон байна.
Энэхүү төсөл нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох юм.
Ерөнхий сайд нар хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.
Тухайлбал, Монгол Улсаас Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, хоёр талын бизнесийн харилцааг идэвхжүүлэх асуудлыг хөндсөн байна.
Мөн Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага буюу JETRO-ийн төлөөлөгчийн газрыг нээх асуудлаар Японы тал бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс гадна хоёр улсын хооронд Давхар татварын болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах нь хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болохыг талууд тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар мөн ярилцжээ.
Монголын талаас хэрэгжүүлэхээр зорьж буй “Ногоон чөлөөлөлт” бодлого болон Японы талын “POWERR Asia” санаачилгын хүрээнд хамтарч ажиллах боломжийг хэлэлцсэн байна.
Мөн газрын тосны агуулах сав барих зэрэг эрчим хүчний дэд бүтцийн чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо хоёр тал илэрхийлжээ.
Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон загварын инженер, технологийн дээд боловсролын MJEED буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ талууд нотоллоо.
Уг төсөл нь Монголын инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэх, дээд боловсролын салбарын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Монгол, Японы хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн нэг юм.
Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохиохтой холбогдуулан ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр хоёр тал санал нэгдлээ.
Мөн бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд гарч буй өөрчлөлтийн үед хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд байр сууриа уялдуулах талаар санал солилцов.
Монголын тал ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Японоос өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг хүсэлт болгосон байна.
Харин Японы тал Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ.
Ийнхүү Монгол, Японы Ерөнхий сайд нарын хэлэлцээ хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, боловсрол болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг түлхүү хөндсөнөөр өндөрлөв.






















Хариулт (0 )