УИХ-ын гишүүн, Сангийн сайд З. Мэндсайханы санаачилгаар Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын баг Ховд аймгийн 16 сумдын иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж байна.
Одоогийн байдлаар Зэрэг, Булган, Мөст, Үенч, Алтай, Цэцэг, Дарви гэсэн долоон сумын 4,012 гаруй иргэнд давхардсан тоогоор үзлэг, оношилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өгчээ. Үзлэгт эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, дотоод шүүрэл, зүрх судас, дүрс оношилгоо, мэдрэл зэрэг чиглэлийн эмч нар ажиллаж байна.

Үзлэгийн дүнд 120 гаруй иргэн Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлэх шаардлагатай болсон бол 35 иргэнд Улаанбаатар хотод оношоо тодруулж, эмчлүүлэх зөвлөмж өгчээ.
Мэргэжлийн эмч нарын хэлснээр баруун бүсийн иргэдийн дунд бодисын солилцооны эмгэг, элэг, цөс, нойр булчирхайн архаг өвчин, бөөрний эмгэг түгээмэл байна. Үүнд эрүүл мэндийн мэдлэг дутмаг, амьдралын буруу хэв маяг нөлөөлж байгааг онцоллоо. Мөн нутгийн онцлогтой холбоотойгоор иодын дутагдлаас үүдэлтэй бамбай булчирхайн эмгэг, зангилаа илэрч байгаа аж.
Алслагдсан сум, багийн иргэд, малчид нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах боломж хомс байдаг. Тиймээс “Эрүүл мэнд эрхэм баян” уриатай энэхүү эрт илрүүлгийн үзлэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулж, орон нутагтаа оношилгоо, зөвлөгөө авах боломжийг нэмэгдүүлж байна.

Үзлэгийн үеэр эмч нар иргэдийн эрүүл мэндийн байдлыг үнэлж, шаардлагатай оношилгоо хийж, эмчилгээ болон цаашдын хяналтын талаар зөвлөгөө өгч байгаа юм. Мөн сумдын эрүүл мэндийн төвийн эмч нартай туршлага солилцож, иргэдэд эрүүл мэндийн сургалт зохион байгуулж байна. Нарийн мэргэжлийн эмч нар цагийн хуваариа уртасган ажиллаж, аль болох олон иргэнийг үзлэгт хамруулахыг зорьж байгаагаа онцоллоо.
Иргэдийн зүгээс алслагдсан бүс нутагт, тэр дундаа малчдад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр Улаанбаатар хотыг зорих боломж хомс байдаг тул энэхүү үзлэг нь цаг хугацаа, санхүүгийн зардлыг хэмнэсэн, эрүүл мэндэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт болж байгааг хэлж байна.

Одоогоор үзлэгийг 12 суманд зохион байгуулсан бөгөөд үлдсэн дөрвөн суманд арваннэгдүгээр сараас төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэхээр болжээ.






















Хариулт (0 )