Монгол Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байна. Томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор вакцинжуулалтыг өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлүүлсэн.
Ховд аймгийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон багш, ажилтнуудын томуугийн эсрэг дархлаажуулалт 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Одонтуяа мэдээллээ.
Дархлаажуулалтыг эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон багш, ажилтнуудыг хамруулж байгаа бол дараагийн ээлжид жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад настан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамруулахаар төлөвлөжээ. Дараагийн ээлжийн вакциныг аравдугаар сарын эхээр татан авах төлөвлөгөөтэй байна.
Энэ жилийн томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-ын Green Cross (GC Biopharma) үйлдвэрийн ДЭМБ-ын чанарын шаардлага хангасан, 2026/2027 оны шинэ бүрэлдэхүүнтэй дөрвөн цэнт GCFLU вакциныг хэрэглэж байгаа юм.
Тус вакцин нь тухайн улиралд түгээмэл тархах төлөвтэй томуугийн А болон В хүрээний дөрвөн төрлийн вирусийн эсрэг дархлаа тогтоох зориулалттай юм.
Томуугийн эсрэг вакциныг дараах зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байна. Үүнд:
-
6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхэд;
-
жирэмсэн эмэгтэй;
-
65 болон түүнээс дээш насны ахмад настан;
-
архаг хууч өвчтэй иргэд;
-
эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон тухайн үеийн дархлаажуулалтын төлөвлөгөөнд хамрагдах бусад зорилтот бүлэг.
2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 277,546 хүн томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Томуугийн эсрэг вакциныг цочмог халдваргүй, биеийн халуунгүй үед хийлгэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байгаа юм. Мөн өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа харшлын урвал илэрч байсан тохиолдолд эмч, эмнэлгийн мэргэжилтэнд заавал мэдэгдэж, вакцин хийх эсэхийг мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай.
Манай улсад томуугийн дэгдэлт ихэвчлэн аравдугаар сараас эхэлж, нэгдүгээр сараас хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Иймээс дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн иргэдийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулах нь халдвараас сэргийлэх арга хэмжээний нэг юм.






















Хариулт (0 )