Ховд.мн худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол болон 2026 он гарснаас хойш Худалдан авах ажиллагааны газраас хэдэн худалдан авах ажиллагаа зохион байгуулсан, тендер шалгаруулалт хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж буй асуудлаар Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Эрдэнэцэцгээс тодрууллаа.
Тэрээр: “Энэ жилийн хувьд 51 ажил төлөвлөснөөс 7 худалдан авах ажиллагааны хөрөнгө оруулалтыг харьяа сумдад эрх шилжүүлсэн. Мөн улсын төсвөөс 7 ажил ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зарлаж дууссан. Тендер хүлээн авах шатанд байгаа 2 ажил байна.
Сангийн яаманд одоогийн байдлаар 4 гомдол бүртгэгдэж, хянагдаж байна. Үүнтэй холбоотойгоор үнэлгээний ажил өнөө маргаашгүй явагдана.
Ногоон байгууламжийн 20 тэрбум төгрөгийн өртөгтэй 14 багц ажил байгаа. Энэ хүрээнд тендерүүд хуулийн хугацаанд зарлагдаж дууссан. Үүний 5 багц ажил дээр Сангийн яаманд гомдол гарсан бөгөөд эдгээр асуудал хянагдсаны дараа хугацаандаа амжих боломжтой. Бусад ажлуудын хувьд гэрээ байгуулах шатандаа явж байна. Төлөвлөсөн хугацаандаа ажлууд бүрэн хэрэгжиж дууссан.
Худалдан авах газрын даргын хувьд үнэлгээ хийгдээд гарсан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх эрх зүйн нөхцөл байхгүй. Энэ жилийн хувьд 20 тэрбум төгрөгийн ажил дээр давхардсан тоогоор 85 компани оролцсон. Нэг багц ажилд хамгийн багадаа нэг компани оролцсон бол бусад ажилд түүнээс дээш оролцоо байсан.
Миний хувьд гомдол гарна гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй. Тухайн компани шалгарсан компанийн материалыг 100 хувь харах боломжтой болсон тул гомдол гаргах тохиолдол нэмэгдэж байна.
Иймд үнэлгээний хороо хэрхэн ажилласныг хөндлөнгөөс дүгнэх боломжгүй. Тухайн үнэлгээний хорооны гишүүд нь төрийн болон төрийн бус, иргэний төлөөллөөс бүрддэг тул шударгаар ажилласан байх гэж үзэж байна.
Эцсийн шийдвэрийг Сангийн яамны дүгнэлт ирсний дараа шийдвэрлэнэ.
Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь худалдан авах ажиллагааны явцад хорооны ажил, баримт бичгийн зохион байгуулалтыг хариуцдаг техникийн болон зохион байгуулалтын гол хүн юм.
Түүний үндсэн үүрэг нь:
* Баримт бичиг хөтлөх
* Хурлын зохион байгуулалт
* Тендерийн материалын бүртгэл
* Үнэлгээний ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг байдаг.
Үнэлгээний хорооны нарийн бичгээр тухайн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд 3 мэргэжилтэн ажиллаж байна.
Эдгээр хүмүүс холбогдох цахим системд нэвтэрч, гомдлын танилцуулга зэрэг бүх процессыг гардан хэрэгжүүлдэг.
Өмнөх жил 100 гаруй ажлын ард гарч байсан бол энэ жил улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулалт харьцангуй бага байна.
Өнөөдрийн байдлаар дахин үнэлгээ хийгдэж буй Мөст, Мөнххайрхан, Зэрэг зэрэг 4 сумын ажлын материал Сангийн яамаар хянагдаж, “дахин хянан үз” гэсэн заалттай буцаагдсан байна” хэмээн мэдээллээ.
Худалдан авах ажиллагааны газрын даргын үндсэн үүрэг нь төрийн болон орон нутгийн худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, ил тод байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааг удирдан зохицуулах юм.
Мөн тэрээр худалдан авах ажиллагааны явцад гарч буй асуудал, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхэд чиглүүлж, үнэлгээний хороо болон холбогдох нэгжүүдийн үйл ажиллагаанд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлдэг.
Харин түүнд үнэлгээний хорооны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх, тендерийн шалгаруулалтад оролцогчдод давуу байдал олгох, эсвэл аль нэг аж ахуйн нэгжийг шууд дэмжих, чиглүүлэх, үнэлгээний явцад оролцох эрхгүй бөгөөд зөвхөн хуульд заасан зохион байгуулалтын хүрээнд ажиллах үүрэгтэй байдаг.
Өмнөх жил Ховд аймагт худалдан авах ажиллагаа журмын дагуу явагдсан ч зарим аж ахуйн нэгжүүд гомдол гаргаснаар төсөв татагдсан тохиолдол гарч байсан гашуун түүх бий.






















Хариулт (0 )