Урин дулаан цаг ирж хээрийн гал түймэр их гарах болсонтой холбоотойгоор Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга П. Бямбадорж хээрийн гал түймэр болон объектын гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
2025 он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар Ховд аймгийн Онцгой байдлын газарт 143 удаагийн дуудлага мэдээлэл ирснээс 78 дуудлага нь гал түймрийн дуудлага иржээ.
Дуудлагын 60-70 хувь нь объектын гал түймрийн дуудлага мэдээлэл байна.
Объектын гал түймрийн дуудлагын 70-80 хувь нь иргэдийн буруутай үйлдлээс үүсдэг байна.
Мөн өнгөрсөн жилийн энэ үеийн хээрийн гал түймэр 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар албаны эх сурвалж онцлов.
Ховд аймгийн хэмжээнд хээрийн гал түймэр гарах магадлалтай 9 сум байдаг байна. Тухайн сумдын газар зүйн байдал онцлогийг тогтоож хээрийн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын газар, нутгийн удирдлагууд болон ард иргэдтэй хамтран ажиллаж байгаа учраас хээрийн гал түймрийн дуудлага үзүүлэлт буурч байна гэв.
Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур ил задгай гал хаяхгүй байх, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна.
Үгийн тайлбар
“объектын гал түймэр” гэж бүх төрлийн өмчийн хэлбэрийн барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид гарсан гал түймрийг хэлдэг бол “ой, хээрийн гал түймэр” гэж ой болон хээрийн бүсэд шатамхай ургамлаар дамжин гал хяналтгүй тархахыг хэлнэ.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган
Хариулт (0 )