Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт Аудитын албаны дарга Г.Өөдэй нь талийгаач аавыгаа ажлын байран дээрээ нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй, улмаар өөрийн дансруугаа 57.8 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр авсан асуудлыг манай сайт сурвалжилсан билээ. Энэ асуудлыг АТГ шалгаж улмаар Прокурорын газар руу хэргийг шилжүүлснээр Прокурор хэргийг хянаж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг буюу хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлттэйгээр шүүх рүү шилжүүлээд байсан. Тэгвэл Г.Өөдэйд холбогдох хэргийн шүүх хурал 2022.10.11-ний өдөр товлогдсон байна.
Дээрх зүйл ангиар хуурамч бичиг баримт эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна.Бид шүүх хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлнэ.
2022.10.03
Хариулт (0 )