“Баялаг Буянт” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 16-ний өдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч байжээ. Тухайлбал: Жудайн Бямбаа, Тогтохын Жаргалсайхан, Бямбаагийн Цагаанбаатар, Жамъяндагвын Ганболд, Батхүүгийн Хатанзориг, Дамдинсүрэнгийн Гантулга, Очироогийн Лхагва-Эрдэнэ нар юм. Тухайн үед тус ХХК-ийг үүсгэн байгуулсан 7 гишүүний нэг нь гаалийн гэгддэг Ховд аймгийн Булган сумын Ярант боомтын дарга О.Лхагва-Эрдэнэ. Тэрээр Булган боомтын даргаар он удаан жил ажиллаж байгаа нэгэн. Тухайн үед О.Лхагва-Эрдэнэ нь уг ХХК-ийн 14.29 хувийг эзэмшдэг байлаа. Тус компани байгуулагдаад ердөө 6 сар гарантай хугацааны дараа орон нутагт хүнсний ногоо даршлах, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах үйлдвэр байгуулна хэмээн 490 сая төгрөгийн хүүгүй зээлийг 4 жилийн хугацаатай авсан байдаг.
Тухайн үед ХХААХҮ-ийн яамны сайдын 2011 оны А дроб 08-р тушаалаар орон нутагт эрхийг нь шилжүүлснээр 2011 оны 09-р сарын 09-ны өдөр ХХААЖДҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, “Баялаг Буянт” ХХК-ийн захирал Т.Жаргалсайхантай зээлийн гэрээг үзэглэж 490 сая төгрөгийн зээлийг орон нутгийн төсвөөр дамжуулан олгосон нь баримтуудаар нотлогддог. Харин
“Баялаг Буянт” ХХК 2016 оны 10-р сард зээлээ бүрэн төлж төсвийг хохиролгүй болгох ёстой байлаа.
Гэтэл тус компани зээл авснаасаа хойш нэг ч төгрөг эргэн төлөлгүй 5 жил болсныг манай сайт эрэн сурвалжилж ил болгосон.
“Баялаг Буянт” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн үндсэн график 2016 оны 10-р сард төлөгдөхөөр байсан.
Тухайлбал: 2012-2013 онд 30 сая төгрөг, 2013-2014 онд 130 сая төгрөг, 2014-2015 онд 130 сая төгрөг, 2015-2016 онд 200 сая төгрөгийг төлж барагдуулахаар байлаа. Графикийн дагуу 2016 онд зээлээ бүрэн төлж дуусгах ёстой байв. Аймгийн засаг даргын орлогч асан Т.Жаргалсайхан хэлэхдээ би энэ компанийг ганцаараа байгуулаагүй, 7 гишүүнтэй гэж ярьдаг. Тэгэхээр ганц Т.Жаргалсайхан ч биш тэдний оролцоо байгаа гэж ойлгогдохоор байгаа юм.
Үе үеийн ХХААГ-ын дарга нар “Баялаг Буянт” ХХК-иас 490.000.000 сая төгрөгийн зээлийг төлүүлэхээр шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан ч тэрээр зээлээ төлөлгүй 5 жил болсон.
Харин “Баялаг Буянт” ХХК-ийн захирал Т.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа манай компани нь нэхэмжлэгч Ховд аймгийн ХХААГ-ын нэхэмжилж буй 490.000.000 сая төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах болно. Өөрийн хөрөнгөөр уг төлбөрийг төлөх ёстойг хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүх “Баялаг буянт” ХХК-ийн хүсэлтийг хүндэтгэн үзэж 2018.01.18-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч хууль биелүүлэхгүй байсаар олон жилийн нүүрийг үзжээ.
Иймд 2020.03.25-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан. Тухайн шүүгчийн захирамжийг 7 хоногийн дотор ШШГГ-т хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасан байдаг.
Тухайн үед албадан гүйцэтгэх захирамжийг Б.Хатанзоригийн эхнэр шүүгч
Ц.Оюун-Эрдэнэ гаргасан.
Гэтэл шүүгчийн захирамж гараад бүтэн жил 2 сарын хугацаа өнгөрчихөөд байхад ШШГГ-т очоогүй байсан. Яг энэ үед манай сайт холбогдох байгууллагуудаас хариуцлага нэхэж шүүгчийн захирамж яагаад шүүхийн архивд хав дарагдсныг тодруулан сурвалжилж эхлэхэд Шүүх болон ХХААГ бие биерүүгээ мэлзэж танайх хүргэх ёстой, манайх хүргэх ёстой хэмээн бичиг цаас шидэлцэж эхэлсэн.Бид эрэн сурвалжилсны үр дүнд ШШГГ-рүү хүргүүлсэн. Харин ард түмний татварын мөнгийг эргүүлэн төлж байгаа эсэхийг бид эргэн мэдээлнэ. 2022.12.11
Хариулт (0 )