Энэ зун Буянт голын эрэгт айл буулгахгүй, хамгаалалтын зурвас тогтооно.
“Буянт голоо хамгаалъя” хэлэлцүүлэг өнгөрсөн сард Жаргалант суманд зохион байгуулагдсан. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд оролцож, Буянт голын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, сав газрын хөрс, усны чанар, хог хаягдал, ариун цэврийн байгууламж зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Энэ асуудлаар ямар арга хэмжээ авч буй талаар манай сайт Б.Амартүвшингээс тодрууллаа.
Тэрбээр “Буянт голын асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Жаргалант сумын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.
Энэ жил Буянт голын зүлгэн дээр айл буулгахгүй. Харин хайрга, сайр бүхий хэсэгт буулгана” хэмээн мэдээлэв.
Мөн тэрбээр Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд усны нөөцийг хамгаалах талаар:
“22.1. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.
22.2. Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасныг онцолсон юм.
Энэ хүрээнд Буянт голын эргээс 50 метрийн хамгаалалтын бүс тогтоож, тэмдэг тэмдэглэгээ байрлуулахаар болжээ.
Түүнчлэн голын эргийн талхлагдсан 2000 гаруй буурийг сэргээх аяныг эхлүүлж, аж ахуйн нэгжүүд, эко клубууд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж буйгаа хэллээ.
Тэрбээр “Нэг буурь дунджаар 35 ам метр талбай эзэлдэг. 2000 гаруй буурь гэдэг нь нийтдээ долоон га орчим талбай талхлагдсан гэсэн үг. Буянт голын зүлэг доройтсон шалтгаан нь зөвхөн хүний үйл ажиллагаа бус, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мөн зуслангийн бүсэд олон тооны мал бэлчсэнээр зүлэгний үрийг идэж, ургах нөхцөлийг нь хааж байна” гэв.
Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 13-ны өдөр А/248 дугаартай “Хотын төвийн бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглох тухай” захирамж гаргасан байна.
Уг захирамжаар:
* Хотын ногоон бүсэд нэвтэрсэн малыг журамлах ажлыг тавдугаар сарын 14-нөөс эхлүүлэх,
* Жаргалант сумын төвд хашаандаа мал маллаж буй иргэдийг тавдугаар сарын 30-ны дотор малаа хотоос гаргах,
* Хотын ногоон байгууламжид хохирол учруулсан малыг журамлах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад өгчээ.
Мөн хотын ногоон бүсэд нэвтэрсэн малыг журамлах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа аж.
Б. Амартүвшин “Аймгийн төвд байгаа мал ногоон байгууламж сүйтгэхээс гадна хог идэж байна. Ийм малын мах, сүүг хүн хэрэглэж байгаа нь эрүүл мэндэд эрсдэлтэй” хэмээн онцоллоо.
Түүнчлэн Буянт голын дагуу үүссэн автомашины замын талаар “Голын хамгаалалтын бүсэд зам тавихыг хуулиар хориглодог. Иймээс тодорхой тэмдэг, тэмдэглэгээ байрлуулна. Голын ойролцоо дэд бүтэц байгуулах санал их ирдэг ч миний хувьд дэмждэггүй” гэлээ.

Ариун цэврийн байгууламжийн тухайд өнгөрсөн жил био суултуур оруулж ирсэн бөгөөд 15 ширхэгийг 500 мянган төгрөгийн түрээсээр ажиллуулж байжээ. Харин энэ жил санхүүгийн боломж хязгаарлагдмал байгаа тул өмнөх суултууруудаа ашиглахаас өөр аргагүй болсон байна.
Одоогийн байдлаар 36 нийтийн бие засах газрыг цэвэрлэж, засвар үйлчилгээг Хот тохижуулах газар хариуцан хийж байгаа аж.
Тэрбээр “Миний ажиллах хугацаанд нийтийн бие засах газрын асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгдэв.
Мөн Усны тухай хуулийн 12 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг дарга ус, усан орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хамгаалалтын бүсийн заагийг тэмдэгжүүлэх, хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэйг заасан байдаг.

Иймд хамгаалалтын бүсэд нэвтэрсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.






















Хариулт (0 )