khovd.mn

Сангийн сайд З.Мэндсайхан Үргүй зардлыг бууруулах, хэмнэлтийн бодлого баримтлах чиглэлд ажиллаж буйгаа илэрхийллээ

Загджавын Мэндсайхан нь 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Н. Учралын тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газарт Сангийн сайдын албыг хүлээн авсан билээ. Тэрээр тухайн үед цахим хуудсаараа дамжуулан “Улс орондоо тустай л бол гашуун шийдвэрээс буцахгүй, хатуу боловч үнэнийг ард түмнээсээ нуухгүй” хэмээн мэдэгдэж, төсвийн сахилга бат, татварын шинэчлэл, өрийн удирдлагыг хэрэгжүүлж, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг […]

0
19
Сангийн сайд З.Мэндсайхан Үргүй зардлыг бууруулах, хэмнэлтийн бодлого баримтлах чиглэлд ажиллаж буйгаа илэрхийллээ

Загджавын Мэндсайхан нь 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Н. Учралын тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газарт Сангийн сайдын албыг хүлээн авсан билээ.

Тэрээр тухайн үед цахим хуудсаараа дамжуулан “Улс орондоо тустай л бол гашуун шийдвэрээс буцахгүй, хатуу боловч үнэнийг ард түмнээсээ нуухгүй” хэмээн мэдэгдэж, төсвийн сахилга бат, татварын шинэчлэл, өрийн удирдлагыг хэрэгжүүлж, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг олон нийтэд ил тод тайлагнан, ард иргэдийн өмнө нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлж байв.

Үүний хүрээнд Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанд Засгийн газрын гадаад зээл, татварын шинэчлэл болон төсвийн сахилга баттай холбоотой асуудлуудыг танилцуулсан байна.

Танилцуулгад дурдсанаар, 2025 оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байжээ. Үүнээс 26 хувийг зам тээврийн салбарт, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцжуулалтад, 14 хувийг усан хангамж, эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарт, 11 хувийг эрчим хүчний салбарт, 9 хувийг боловсрол болон онцгой байдлын салбарт, үлдсэн 18 хувийг бусад салбарт зарцуулсан талаар мэдээлэв.

Мөн Засгийн газар гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн санхүүжүүлэх, үргүй зардлыг бууруулах, хэмнэлтийн бодлого баримтлах чиглэлд ажиллаж буйгаа онцолжээ. Түүнчлэн гадаад зээлийн ашиглалтыг жил бүр бага хэмжээгээр баталж ирсэн нь төслүүдийн хэрэгжилтийг дунджаар 5-10 жилээр хойшлуулж, үйлчилгээний төлбөр болон зардал өсөх эрсдэл үүсгэж буйг дурдсан юм.

Татварын шинэчлэлийн хүрээнд хувь хүний болон аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнесийг дэмжих хэд хэдэн зохицуулалт тусгасныг мөн танилцуулжээ. Үүнд, жилийн борлуулалтын орлого нь нэг тэрбум төгрөгөөс бага хувиараа бизнес эрхлэгчдээс борлуулалтын орлогын нэг хувиар татвар авах, орон сууц борлуулсан иргэдийг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх зэрэг санал багтжээ.

Мөн 6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татварын шинэ шатлал бий болгож, 600 гаруй аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулахаар төлөвлөснийг дурджээ. Түүнчлэн 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгон бууруулах санал тусгаж.

Үүний зэрэгцээ НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, өртэй татвар төлөгчийн дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг өөрчлөх, НӨАТ төлөх хугацааг сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ.

Түүнчлэн Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн талаар Загджавын Мэндсайхан цахим хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрээр мөн “Өнөөдрийн байдлаар зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 13.8 их наяд төгрөг байгаа бөгөөд гадаад зээл, тусламжийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулна” хэмээн онцолжээ.

Гадаад зээл, төсвийн зарцуулалт болон хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаснаар төсвийн сахилга бат сайжирч, төслүүдийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж буй юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл