Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл өнөөдөр Жаргалант суманд ажиллалаа.
Мөн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б. Оюунгэрэл, тус холбооны соёлыг түгээгч, С. Гантогоо нар Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд өсвөр үеийнхэнд зориулсан “Нандин” лекц, уулзалтыг зохион байгууллаа.
Лекцээр үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дэлгэцийн дон, мэргэжил сонголт, бэлгийн замын халдварт өвчний хор уршиг, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлын талаар мэдээлэл хүргэсэн байна.
Б. Оюунгэрэл энэ үеэр “Бид долоо дахь аймгийнхаа 108 дахь суманд ажиллаж байна. Манхан, Чандмань суманд ажилласан бол одоо Жаргалант суманд ажиллаж байна. Тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд мөн Жаргалант суманд үргэлжлүүлэн ажиллана” хэмээн онцоллоо.
Тэрбээр “Аливаа хүчирхийлэл, гэмт хэрэг, хавдрыг гарсны дараа бус, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Залуу үеэ үгүйсгэх биш, ойлгуулж, зөв мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзэн 2022 оноос “Нандин” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган хүүхдэд хүрээд байна. Манай лекцүүд сурагчдад үнэ төлбөргүй хүрдэг”.
Мөн өнөөдрийн байдлаар 18 “Нандин” хайрцгийг анги танхимуудад байршуулсан бөгөөд Ховд аймагт нийт 200 хайрцаг байршуулахаар ажиллаж байгааг дурдсан юм. Тэдгээрийг сумдын сургууль болон дотуур байруудад байршуулж байгаа аж.
Түүнчлэн Монгол Улс элэг, ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд дээгүүрт ордог бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын нас баралтын түвшин Ази, Номхон далайн бүсэд өндөр байгааг анхаарууллаа.
Тэрбээр “Өдөрт дунджаар 1.5 ээж, жилд 420 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас амиа алдаж байна. Иймээс өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ‘Хавдаргүй Монгол эмэгтэй’ төслийг хэрэгжүүлж байна” хэмээн хэлэв.
Уг төслийн хүрээнд өмнө нь зургаан аймгийн 100 суманд 31 мянга гаруй хүнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо хийсэн бөгөөд зарим тохиолдолд хавдрын онош илэрсэн байна. Харин сүүлийн өдрүүдэд долоон суманд 3300 гаруй хүнд үзлэг хийхэд мөн хавдрын сэжигтэй тохиолдлууд бүртгэгджээ.
Тухайлбал, сум бүрт хөхний хавдрын сэжигтэй 3-4 тохиолдол, бөөр, түрүү булчирхайн хавдар, мөн хөвгүүдэд төмсөгний венийн судасны үрэвслийн онош илэрч байгааг эмч нар мэдээлсэн байна.
Мөн уг төслийн хүрээнд Ховд аймгийн цагдаа, онцгой байдал, прокурорын байгууллагын албан хаагчдад зориулсан “Дулаахан” лекц, уулзалтыг зохион байгуулсан юм.






















Хариулт (0 )