2026 ОНЫ III УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилготой ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулдаг.
Төрийн албаны зөвлөлөөс баталсан товын дагуу 2026 оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад Улаанбаатар хотоос 1474, 21 аймгаас 1261, улсын хэмжээнд нийт 2735 иргэн бүртгүүлжээ. Үүнээс Ховд аймгаас 79 иргэн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн байна. Шалгалтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байгаа бөгөөд шалгалт зохион байгуулах салбар комисс оролцогчдыг дөрвөн ээлжид хуваарилан ажиллаж байна.
Шалгалтын явцад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хөндлөнгийн хянагч ажиглаж байна.
Ховд аймаг дахь Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах салбар комиссын дарга Д.Даваасүрэнгийн мэдээлснээр энэ удаагийн шалгалтад 2000 оноос хойш төрсөн залуусын эзлэх хувь өндөр байгаа аж.
Шалгалтын дүн тухайн шалгуулагчийн өмнө байрлах дэлгэц дээр шууд гардаг тул иргэд шалгалтад тэнцсэн эсэхээ газар дээр нь мэдэх боломжтой.
Шалгалтын хуваарийг бүртгүүлэгчдийн харьяалал, тоо, шалгалтын танхимын багтаамж болон тоног төхөөрөмжийн хүрэлцээнд үндэслэн гаргасан байна. Тиймээс нийтэд зарласан хуваарийг өөрчлөх боломжгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Шалгуулагчдын хэлснээр асуулт, даалгавар нь бэлтгэсэн агуулгын хүрээнд байсан бөгөөд шалгалтын хугацаа болон зохион байгуулалтын явцад хүндрэл гараагүй байна.
Төрийн албаны ерөнхий шалгалт нь төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилготойгоор улирал бүр зохион байгуулагддаг.
Шалгалтад оролцогчид иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Мөн товлосон өдөр, цагтаа хоцролгүй ирэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.






















Хариулт (0 )