Ажлын байрны дарамтанд орсон гэх дотуур байрны багш ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ.
Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш ажлын байрны дарамтанд орсны улмаас ажлын байран дээрээ ухаан алдаж, сумын эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.
Тодруулбал, тус сургуулийн захирал М.Энхтуяа, менежер Ц.Эрдэнэцэцэг, нийгмийн ажилтан Д.Шагжсүрэн нар дотуур байрны багшид ажлын байрны дарамт үзүүлсэн гэх бөгөөд улмаар тухайн багш ажлын байран дээрээ ухаан алдаж унасан байна. Тэрээр сумын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өдрийн 12:00 цагаас хойш ухаан ороогүй байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээллээ.
Тус асуудлаар дотуур байрны багшийн нөхрөөс тодруулахад:
“Намайг ажил дээр байхад 12 цаг дөхөж байх үед залгасан. Манай гурван удирдлага ажлын байран дээр дарамтлаад байна гэсэн. Манай эхнэр өрөө рүүгээ явж байгаад ухаан алдаж унасан байна лээ. Удаа дараа ажлын байрны дарамт үзүүлж байгаа гэж хэлдэг байсан.
Манай эхнэр энэ сумынх биш. Орос хэлний багшаар төгссөн хүнийг энэ суманд ажиллуулна гэж авч ирсэн. Ирсний дараа Орос хэлний цаг хүрэхгүй байна, бага ангийн багшаар ажилла гэсэн. Тэгэхэд манай эхнэр мэргэжил биш, ажиллаж чадахгүй гэж хэлсэн ч хүчээр хоёр жил гаруй ажилласан.
Үүний дараа Орос хэлний багшаар цагийн багш хийж байгаад дотуур байрны багшаар ажилд орсон. Хажуугаар нь Орос хэлний багшаар цагийн ажил хийдэг байсан. Намар ажил эхлэхэд Орос хэлний цаг байхгүй, байрны багшаар ажилла гэж хэлсэн. Ухаан алдаж унах үедээ даралт нь 200 хүрээд буусан” хэмээн ярьлаа.
Мөн ар гэрийнхэн нь “Манай дүү их дарамттай байна, ажлын байрны дарамт их үзүүлэх юм, би ажиллаж чадахгүй гэж хэлж байсан” хэмээн ярьсан юм.
Манай сайт мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс дээрх асуудалд нэр холбогдсон Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Энхтуяагаас тодруулахад дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “Тус багш дотуур байранд ажилладаг, хажуугаар нь Орос хэлний цагийн багшаар ажилладаг. Манайх нэгдүгээр сургуулийн нөхцөл байдлыг хэлж, дотуур байрны багшаар ажиллуулах санал тавьсан. Хотоос ирсэн хүмүүсийг байрлуулах асуудал дээр шаардлага тавихад багш уурласан. Бид нар дарамталсан зүйл байхгүй. Албан ёсоор гарын үсгээ зураад, хаана хаанаа ойлголцоод явж байгаа. Сургууль дээр байгаа нөхцөлийн дагуу цагийн багшаас чөлөөлөгдөнө гэж ярилцаад, гарын үсэг зураад гараад явсан” хэмээн хэлсэн юм.
Ийнхүү тухайн багшийн ар гэрийнхэн ажлын байрны дарамт үзүүлсэн гэж үзэж байгаа бол сургуулийн удирдлагын зүгээс уг асуудлыг үгүйсгэж байгаа юм.
Ажлын байрны дарамт, албан тушаалын дарамт шахалттай холбоотой асуудал өмнө нь ч олон нийтиын дунд яригдаж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмч сумын Засаг даргын дарамт шахалтад ажиллаж байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан.
Мөн Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалаг албан хаагчдадаа дарамт үзүүлсэн гэх асуудал өмнө нь хөндөгдөж байсан юм.
Энэ мэтчилэн ажлын байрны дарамт, шахалт нь ил болон далд хэлбэрээр оршсоор байгааг дээрх асуудлууд харуулж байна. Төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд, аливаа дарамт шахалт, хараат байдлаас ангид ажиллах орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
Иймд холбодгох хууль хяналтын байгууллага уг асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг дараах тохиолдлууд харуулж байна.






















Хариулт (0 )