Төв аймгийн Баян суманд цагдаагийн алба хаагч автомашинаар хүүхэд мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Баян сумын баяр наадам энэ оны долдугаар сарын 8-ны өдөр болсон байна.
Шүдлэн насны морьд уралдах үеэр “Цавчир” багийн Засаг дарга нь уралдахаар гарааны зурвас руу хөдөлж байсан хүүхдүүдийг зогсоох үүрэг, чиглэлийг цагдаагийн алба хаагчид өгчээ.
Үүний улмаас цагдаагийн алба хаагч морь унасан болон морь хөтөлж явсан хоёр хүүхдийг зогсоохоор эхлээд чулуу шидсэн байна. Гэвч зогсоох боломжгүй болсон тул автомашинаар араас нь очиж, морийг нь шахаж мөргөж.
Үүний улмаас хоёр хүүхэд мориноосоо унасан бөгөөд ар гэрийнхний мэдээлснээр нэг хүүхэд нь нүүрээрээ унасны улмаас дээд дөрвөн шүд, доод хоёр шүд нь хөдөлж, эрүүний шүд тогтоодог ясны хэсэг хоёр газраа хугарсан байна.
Ар гэрийнхний өгсөн мэдээллийг бүрэн хүргэвэл:
“Долдугаар сарын 8-нд сумын наадам болсон. Энэ үеэр шүдлэнгийн уралдааны хэмжилтийн үеэр ахын морь нэг сантиметрээр өндөр байсан. Морьд гараад, өндөртөө тэнцээгүй хэдэн морь үлдсэнийг Засаг даргатай ярилцаад уралдуулъя гээд бай шагнал өгөхгүй гэж тохирсон.
Морьд явсны дараа ах морио араас нь хөдөлгөсөн чинь багийн Засаг дарга “Наад хоёроо зогсоо” гэсэн. Цагдаагийн алба хаагч нар эхлээд чулуу шидээд, зогсохгүй болохоор нь араас нь очиж, машинаараа морийг нь шахаж мөргөсөн. Үүний улмаас ахын 10 настай хүүхэд болон манай хүүхэд унасан. Ахын хүүхэд хамгаалалтын хувцастай тул гэмтэл гайгүй байсан.
Манай хүү нүүрээрээ унасны улмаас дээд дөрвөн шүд, доод хоёр шүд нь хөдөлж, эрүүний шүд тогтоодог ясны хэсэг хоёр газраа хугарсан.
Манай сумын Засаг дарга, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан хоёр сарын хугацаанд ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй” гэж мэдээллээ.
Мөн ар гэрийнхний мэдээлснээр багийн Засаг даргатай тус асуудлаар холбогдоход “Чи битгий давар, надаар яалгах гээд байгаа юм. Сумын наадмыг бусниулсан, одоо миний багийн өдөрлөгийг бусниулах гээд байна уу” хэмээн загнажээ.
Хүүхэд бэртсэнээс хойш 13 хоногийн дараа хүүхдийн аюулгүй байдлын талаар хурал хийж, тухайн сумыг хариуцсан нийгмийн ажилтан хүүхдийн гэмтлийн талаар танилцуулж.
Уг хуралд холбогдох мэргэжилтнүүд оролцож, хүүхдэд цаашид ямар арга хэмжээ авах талаар шийдвэрлэдэг аж.
Энэ үеэр тус сумын нийгмийн ажилтан холбогдох байгууллагад өгсөн мэдээлэлдээ хүүхдийн нэг шүд унасан гэж тодорхойлсон байгаа юм. Мөн тус хурлын үеэр ар гэрийнхэнтэй нь холбогдож, хүүхдийн гэмтлийн тухай ямар нэгэн мэдээлэл аваагүй байна.
Бид хоёр талын байр суурийг хүргэж, тэнцвэртэй байх зарчмын үүднээс тус хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчаас тодруулах гэсэн боловч тэрбээр утсаа тасалж, мэдээлэл өгөөгүй юм.
Цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдлийн улмаас хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаа хохироод хоёр сар болж байхад Төв аймгийн Баян сумын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага, сум болон багийн Засаг дарга нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй, үүрэг, ажлаа хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөл байдалд хэн хариуцлага тооцох вэ?
Энэ мэтчилэн хүүхдийн эрх зөрчигдөж, амь насаараа хохирсоор байх уу? гэх асуулт хариултаа хүлээсээр.
Ар гэрийн зүгээс дээрх албан тушаалтнуудад гомдолтой байгаагаа илэрхийлж, хууль, хяналтын холбогдох байгууллагуудыг хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллахыг хүсэж байгаа юм.






















Хариулт (0 )