Ховд аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж,2025 оны байдлаар 343 ажлын байр шинээр бий болжээ.
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар жил бүр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
Жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр баталдаг бөгөөд энэ хүрээнд зорилтот таван бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, залуучууд, малчид зэрэг бүлгүүд хамрагддаг.
Энэ жилийн хувьд 3 дугаар сараас 4 дүгээр сарын 17-ыг хүртэл аймгийн хэмжээнд нээлттэй төсөл зарлаж, иргэдийн төслийг хүлээн авчээ. Үүний дараа газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан, төсөл ирүүлсэн иргэдийн ажлын байранд очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж байна.
2025 оны байдлаар зорилтот таван бүлгийн хүрээнд нийт 425 иргэн төсөл, арга хэмжээнд хамрагдаж, санхүүгийн дэмжлэгийн үр дүнд 343 шинэ ажлын байр бий болжээ.
Ахмад настнуудын хувьд тэтгэврийн болон бусад зээлтэй байсан ч үйл ажиллагаа явуулж буй ажлын байранд нь нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ хүрээнд 10 хүртэлх сая төгрөгийг 3 жилийн хугацаатай олгодог байна. Мөн Хаан банк болон Төрийн банк-аар дамжуулан жилийн 6 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл олгож байгаа бөгөөд иргэнд 20 сая төгрөг, нөхөрлөл, хоршоонд 40 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт авах боломж бүрдэжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэг чухал арга хэмжээ нь мэргэжил олгох сургалт юм. Ажилгүй иргэд өөрийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн мэргэжлийг сонгон суралцах боломжтой бөгөөд 2021 оноос эхлэн Ховд аймгийн Хөгжил политехник коллеж-той хамтран зохион байгуулж байна.
Энэ жил тракторын жолооч, хүнд даацын машин механизмын жолооч бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 6 сумын 14 иргэнийг хамруулжээ. Сургалтын 20 хувь нь онол, 80 хувь нь практикт суурилж байгаа бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой. Ерөнхийдөө мэргэжил олгох сургалтад хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь ажлын байртай болдог байна.
Сургалтын зардлын хувьд нэг хүнд ногдох 21 хоногийн сургалтын зардал дунджаар 400 гаруй мянган төгрөг байна.
Мөн энэ жил Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Батлан хамгаалах яам хамтран хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил олгох 21 хоногийн сургалтад хамруулах журмыг баталжээ. Үүний хүрээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн Зэвсэгт хүчний 123-р ангид алба хааж буй 45 цэргийг гагнуур, барилгын засал, сантехникийн чиглэлээр Ховд аймгийн Хөгжил политехник коллежтой хамтран сургахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Эдгээр цэргүүд нь гурван аймгаас сонгогдож.
Түүнчлэн Засгийн газраас зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийг баталж, улсын хэмжээнд 5000 өрхийг ядуурлаас гаргахаар төлөвлөж. Үүнээс Ховд аймагт 120 өрхийг хамруулан ажиллах бөгөөд 17 сумаас хөдөлмөрийн насны иргэдийн сургалтын хэрэгцээг судалж, түүнд тулгуурлан сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Ховд аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Арбол мэдээллээ.






















Хариулт (0 )