МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв VI” үндэсний бий биелгээ, Монгол бүжгийн наадам 2026 оны 4 дүгээр сарын 27–28-ны өдрүүдэд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа.
“Алтан өв” бүжгийн наадам нь 2015 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил 12 дахь жилдээ амжилттай болж байна. Анх тус наадам зөвхөн аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг байсан бол жил ирэх тусам өргөжин тэлж, оролцогчдын тоо нэмэгдсээр өнөөдөр улсын хэмжээний наадам болон хөгжжээ.
Энэ жилийн наадам Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж, бий биелгээ, Монгол бүжиг, үндэстний бүжиг, орчин үеийн бүжиг зэрэг төрлүүдээр, гоцлол болон хамтлага хэлбэрээр оролцогчид өрсөлдөж байна.
Хамрах хүрээний хувьд Монгол Улсын 21 аймгийн бий биелгээг өвлөн уламжлагчид, бүжиг сонирхогчид цэцэрлэгийн наснаас эхлэн бага, дунд, ахлах анги болон насанд хүрэгчдийн ангиллаар оролцож байна.
Хамтлагийн төрөлд 12–24 хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд бүжгийн найруулга, зохиомжийн утга санаа, хөгжмийн сонголт, уялдаа холбоо, бүжгийн үндсэн элементүүдийг харгалзан дүгнэдэг юм.
Монгол түмний өв соёл үеэс үед уламжлагдан хадгалагдаж байгаад туйлын баяртай байгаагаа тус наадмын зохион байгуулагчдын нэг, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит бүжгийн ангийн багш Б.Сандуй онцлон хэллээ.
Мөн МУГЖ Б.Дугараагийн отгон охин Д.Алтанхундага уг наадамд шүүгчээр ажилласан бөгөөд аав нь Монголын үндэсний бүжиг, бий биелгээг өвлөн тээж, хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсныг дурсан ярив. Цаашид тус наадмыг олон улсын хэмжээнд хүргэх зорилготой байгааг тэрээр онцоллоо.
МУГЖ Б.Дугараа нь “Тагнийн урианхай” бүжгийг дэглэснээр сайн мэдэх бизээ.






















Хариулт (0 )