Баян-Өлгий аймгийн эмч, холбогдох байгууллагын ажилтнууд зэрэг нийт 49 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Уг хэрэгт шүүгдэгчээр М.Рауза, Ш.Хуат, Х.Хурманхан, Б.Ханат, К.Төлеген, Ө.Ертай, М.Есенкелди, Т.Жайна, Ө.Женис, Ө.Ахмарал, С.Айгүл, Х.Аманбек, Х.Өмиргүл, Ш.Гүлжаукар, С.Нурбек, Д.Сара, А.Серикболат, Х.Серикжан, Х.Манчук, Н.Маргулан, М.Мейрамбек, Б.Жанбота, Х.Бигавил, З.Мухтар, О.Нурлан, Б.Болат, Х.Гүлсин, П.Даулетбек, А.Рая, Ш.Сабит, Д.Хуанай, Х.Маржангүл, Д.Мурат, Б.Анаргүл, С.Сымбат, А.Мажитхан, З.Ботакөз, И.Союз, А.Айжан, Д.Айбарша, Х.Харий, Х.Тангүл, К.Халел, Т.Серикжан, Ш.Адилбек, М.Ахбота, Т.Өсерхан, Н.Сакен, А.Еркегүл нар татагдаад байгаа юм.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт буюу мөнгө угаах, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гэрч, хохирогч, шинжээчийг зориуд худал мэдүүлэг өгөхөд ятгах, сүрдүүлэх, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлийн 2 болон 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авахтай холбоотой гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Уг хэрэг нь Баян-Өлгий аймгийн зарим эмч, холбогдох албан тушаалтнууд иргэдээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг үндэслэлгүйгээр тогтоон, группт оруулж, улсаас халамжийн болон тэтгэмжийн мөнгө авах боломж бүрдүүлсэн гэх гомдол, мэдээллийн дагуу шалгагдаж эхэлсэн байдаг.
Тодруулбал, иргэдээс Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол, мэдээлэлд Баян-Өлгий аймгийн зарим эмч Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй үгсэн тохиролцож, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа алдаагүй иргэдийг хахууль авсны үндсэн дээр хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоон, тэтгэмжид хамруулж байгаа талаар дурдсан байна.
Мөн группт оруулж өгсөн иргэдийг цаашид дарамтлах, улс төрийн сонгуульд ашиглах зорилгоор шахалт үзүүлдэг гэх мэдээлэл ч шалгуулахаар ирүүлсэн гомдолд багтжээ.
Эдгээр гомдол, мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт шалгалт явуулсан байна.
Шалгалтын явцад хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан 420 орчим иргэний 268 нь буюу 68 орчим хувь нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдаагүй атлаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн, үндэслэлгүйгээр тэтгэмж авч байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон талаар тухайн үед мэдээлж байв.
Түүнчлэн Монгол Улсын иргэнээр бүртгэлтэй боловч Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэншилтэй эсэх, хоёр улсаас зэрэг тэтгэвэр, тэтгэмж авдаг эсэх, мөн хүүхдүүдийг өндөр настай эцэг, эхийнхээ овогт бүртгүүлж халамж авахтай холбоотой асуудлуудыг шалгуулах хүсэлт иргэдээс гаргаж байжээ.
Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас 2020 оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд ийнхүү эрүүгийн хэрэг шүүхийн шатанд шилжин, 49 хүнд холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна.
Бид хэргийн талаар шүүгдэгчдээс тодруулга, тайлбар авахыг хүссэн боловч тэд сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзсан юм.
Харин Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим хуудсаар шүүх хуралдааныг шууд дамжуулж байгаа бөгөөд олон нийт уг хэргийг шүүхээс хуульд нийцүүлэн, бодит баримтад үндэслэн шийдвэрлэхийг хүлээж байна.
Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй тул хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэхийг шүүх тогтоох юм.






















Хариулт (0 )