Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германд хийсэн айлчлал үеэр Канцлер Олаф Шольцтой газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах асуудлыг онцолжээ-
Хятад, Орос хоёр Монголд барууны хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжихэд дургүй. Хэрэгжих шатанд нь тээг тавьж, улс төрийн дарамт шахалт үзүүлдэг муу зантай. Тэд элдэв төрийн бус байгууллагыг санхүүжүүлэх замаар малчдыг турхирах, жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийлгэх зэргээр нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийг оролддог. Энэ нь өнөөдөр цахим дахь нийгмийн сүлжээнд олон нийтийн санаа бодлыг эргүүлэх замаар бүр хүчээ аваад байгаа. Хоёр хөршийн энэхүү бодлого төрийн дээд шатанд буюу УИХ-д ч төлөөлөлтэй болоод амжсан. Тухайн гишүүн төсөл хэрэгжүүлэх тойргийг төлөөлж байх шаардлагатай. Ийм шаардлагад нийцэн гаднаас санхүүжилт авахаас гадна тойргийнхоо иргэдийн толгойг эргүүлэн, улс төрийн оноо авах үндсэн үүрэг хүлээдэг гэж ойлгох хэрэгтэй.
Тиймээс Монгол дахь гуравдагч хөршийн оролцоотой төслийг зогсоох ашиг сонирхол нэн тэргүүнд Хятад, Оросын бодлогод нийцэж байгаа. Удаад нь улс төрийн нөлөөгөө ашиг хонжоо болгон харж байгаа улстөрчид овоо олзтой. Тэр хүнд улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, орон нутгийн хөгжил огт хамаагүй. Зөвхөн санхүүжилт нь бат байхад боллоо. Харин орон нутгийн иргэдийн хувьд газар шороогоо хамгаалах нь зөв. Эзэн нь юм аа мэдэж, ойлгож байх хэрэгтэй. Гэхдээ тэр шороонд бидний хэрэглэдэг эрчим хүчнээс эхлээд гар утас, зурагт, унаж байгаа автомашиныг бүтээхэд ордог ховор элемент байгааг ойлгож сэхээрэх шаардлага бий болсон. Дэлхий нийт газрын ховор элементийн төлөө шуурч, мөнгө төлөхөд бэлэн байна. Энэ жишгээр дэлхийн газрын ховор элементийн гол тоглогч Хятад улс зах зээл дэх байр сууриа хадгалахыг эрмэлзэж, Монгол шиг ойр тойрныхоо улс орнуудад хэрэгжиж буй төслүүдийг хяналтдаа байлгах зорилт тавьсан хэрэгжүүлж байгаа. Тэрний нэг нь Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй орд.
Малчид тус ордоос уран гэж аймшигтай зүйл олборлоод, үй олноор нь хордуулчих юм ойлгоод байгаа. Гэвч эхний ээлжийн хайгуулийн үр дүнгээр сэргээгдэх эрчим хүч, цахингаан автомашины үйлдвэрлэлд ашигладаг, өндөр технологийн газрын ховор элементүүд болох диспрози (Dy), неоди (Nd), празеоди (Pr), терби (Tb) агуулж буйг тогтоосон байна. Мөн хүн, байгальд ямар ч хор хөнөөлгүйг бүх шатандаа баталгаажуулжээ. Улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааны ажил хийж эхэлсэн төдий яваа төсөл юм байна. Өөрөөр хэлбэл, Мянгад суманд ажиллаж байгаа германчууд олборлолт явуулаагүй, байдаг л хайгуулын ажил хийж байгаа аж. Хэрэв ашиглаад эхэлбэл, зэс нүүрс шиг овор хэмжээ их биш, тээвэрлэхэд хялбар, хямд аргаар их хэмжээний валют олох боломжтой.
Энэ мэтээр Япон, Солонгос, Энэтхэг, Герман гээд дэлхийд өндөр технологиор тэргүүлэгч улсууд Монгол Улстай газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлдэг. Зарим нь эхнээсээ ажил хэрэг болоод явж байгаа. Жишээ нь, Халзан бүрэгтэй төсөл гэхэд л 10 жилийн өмнө өрнөсөн хэлэлцээр юм. Германы Канцлер асан Ангела Меркель 10 жилийн өмнө Монголд айлчлахдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай байгаа газрын ховор элементүүдийг Монголоос нийлүүлж хамтран ажиллахаа хүсэлтэй буйгаа илэрхийлсэн билээ. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Германд айлчилж, Канцлер Олаф Шольцтой хийсэн уулзалтын үеэр газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах асуудлыг онцолжээ. Гэвч Хятад болон Оросын зүгээс Монголын газар ховор элементийг зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах тулгалт үзүүлсээр байгаа. Халзан бүрэгтэй төслийн хувьд хятадуудын сонирхлыг хэдийнэ татсан гэдэг танилцуулга бий.
Хариулт (0 )