Ховд аймгийн Мөст сумын Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлэгийн ажилчдын хариуцлагагүй байдлаас болж иргэний алтан амь үрэгдсэнүү гэх асуудлаар манай сайтын сурвалжлах баг тус суманд ажиллалаа. 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Мөст сумын Улаан ан гэх газар амьдардаг иргэн Г-ийн толгой нь эргэж, даралт нь ихэссэн байгаа юм. Тийм ч учраас ар гэр нь тус эмнэлэгт дуудлага өгсөн байна. Дуудлага мэдээллийг ЭМТ-ийн их эмч З.Болормаа өөрийн биеэр хүлээн аваад нягтлан бодогч Б.Ульяновын хамт дуудлаганд явсан ч газраа олоогүй учраас эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүй гэв. Дуудлагын баг сумын төвөөс 30 орчим км газар нэг цаг орчим яваад сумын төв рүүгээ буцсан байгаа юм. Харамсалтай нь дуудлага өгснөөс хойш 2 цаг 30 минутын дараа талийгаач амьсгал хураажээ. Талийгаачийн том залуу Ж.Алагсай тухайн өдөр З.Болормаа эмчид дуудлага өгөхдөө хаяг болон утасны дугаарыг нь тодорхой бичиж өгсөн байгаа юм. Гэтэл дуудлагын эмч утас руу нь холбогдоогүй, ар гэрээс нь ч хүмүүс авч яваагүй, байгаа газрыг нь олоогүй гэх шалтгаанаар тусламж үзүүлж чадаагүй нь дэндүү харамсалтай. Эмнэлэгийн эмч ажилчдын ажилдаа хандах хандлага дутсан уу, хөдөө орон нутагт эмнэлэгийн тусламж үйлчилгээ ард иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүрч чадаж байна уу гээд олон асуудал урган гарч байна. Хамгийн анхаарал татаж буй нэг асуудал нь хариуцлага алдсан гэх их эмч З.Болормаад сумын засаг дарга С.Баасандорж сануулах арга хэмжээ авч, цалингийн 20 хувиар хариуцлага тооцсон хэрнээ талийгаачийг нас барсны дараагаар их эмч З.Болормааг эрхлэгч эмчийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Энэ асуудалд талийгаачийн ар гэр гомдолтой байна, хүний алтан амь үрэгдчихээд байхад албан тушаал ахиулж ёс суртахуунгүй үйлдэл хийлээ, бид талийгаачийн амь насыг эмнэлэгийн байгууллагаас нэхнэ гэдгээ хэллээ. З.Болормаа эмч хэлэхдээ бид хариуцлага алдсан, хариуцлагаа хүлээнэ гэдэг байр сууринаас хандлаа.Ямартай ч тус сумын ЭМТ-ийн эмч эмнэлэгийн ажилчид хариуцлага алдсан уу? Эмнэлэгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлчихсэн бол иргэний амь үрэгдэх байсан уу гээд олон асуулт гарч ирж байна. Цаашид эрүүл мэндийн салбар, аймаг,сум орон нутгийн удирдлагууд энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулах вэ? оршин суугаа хаягыг нь олоогүй гэх шалтгаанаар тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй иргэний амь нас үрэгдсээр байх уу? энэ асуудлыг эргэн сурвалжлах болно.
2022.02.10
Хариулт (0 )