khovd.mn

Буянт сумын нэр бүхий удирдлагууд албаны машинтай алт олборлосон байж болзошгүй хэргийг шалгаж байна

Ховд аймгийн Буянт суманд албан тушаалтнууд хууль бус алт олборлосон байж болзошгүй хэрэг шалгагдаж байна. Ховд аймгийн Буянт сумын нэр бүхий албан тушаалтнууд албан үүргээ хэрэгжүүлэх нэрийдлээр мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан хууль бусаар алт олборлосон байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тодруулбал,:Буянт сумын Засаг даргын орлогч Б.Магсаржав, Норжинхайрхан багийн Засаг дарга Т.Мөнхбаяр,Наранхайрхан багийн засаг […]

0
81
Буянт сумын нэр бүхий удирдлагууд албаны машинтай алт олборлосон байж болзошгүй хэргийг шалгаж байна

Ховд аймгийн Буянт суманд албан тушаалтнууд хууль бус алт олборлосон байж болзошгүй хэрэг шалгагдаж байна.

Ховд аймгийн Буянт сумын нэр бүхий албан тушаалтнууд албан үүргээ хэрэгжүүлэх нэрийдлээр мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан хууль бусаар алт олборлосон байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Тодруулбал,:Буянт сумын Засаг даргын орлогч Б.Магсаржав, Норжинхайрхан багийн Засаг дарга Т.Мөнхбаяр,Наранхайрхан багийн засаг дарга Н.Гантулга нар нь 2026 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Буянт сумын Наранхайрхан багийн нутаг, Бэлүүт гэх газарт албаны 0331 ХОЕ улсын дугаартай автомашин ашиглан хууль бус олборлолт явуулж байсан гэх мэдээллийг Ховд.мн сурвалжиллаа.

Уг мэдээллийн дагуу Ховд аймгийн Цагдаагийн газар хэрэг бүртгэл нээн шалгалтын ажиллагаа эхлүүлж, холбогдох албан тушаалтнуудыг байцааж эхэлсэн байна. Мөн тухайн үед ашиглагдаж байсан албаны тээврийн хэрэгслийг хураан авч, үзлэг шалгалт хийжээ.

Ховд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Э.Амарболд “Буянт сумын нэр бүхий удирдах албан тушаалтнуудтай холбоотой хууль бус алт олборлолтын талаарх мэдээлэл бүртгэгдсэн нь үнэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдээлсэн.

Харин уг хэрэгт нэр холбогдоод буй Буянт сумын Засаг даргын орлогч Б.Магсаржав өөрийн тайлбартаа: “Манай сумын Наранхайрхан багийн нутаг Бэлүүтийн эх, Алагтолгой орчимд Баянхонгор аймгийн иргэд хууль бусаар олборлолт хийж байна гэх мэдээллийн дагуу 2 удаа сумын цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийхээр очсон. Эхний удаа 11 иргэн, 3 тээврийн хэрэгсэлтэйгээр хууль бус олборлолт явуулж байсныг илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн.

Харин дараагийн удаад бид багийн дарга, малчдын төлөөлөлд хүнс хүргэж өгөөд буцаж явах үед цагдаагийн байгууллага шалгалт хийж, ташаа мэдээлэл тараасан” гэв.

Т.Мөнхбаяр дарга бид хоёрыг холбож буй шалтгаан нь тэр өдөр малчдын төлөөлөл, багийн дарга тухайн газар байсан учир тэгсэн. Тэр хүмүүст хоол хүнс дөхүүлж очсон.

Тэрбээр мөн “Манай машинд үзлэг хийхэд ямар нэгэн олборлолтын багаж, алт, шороо илрээгүй” хэмээн мэдэгдсэн.

Наранхайрхан багийн дарга Н.Гантулгаас тодруулахад иргэдийн гомдлын дагуу 4 дүгээр сарын 22-23-нд мэдээлэл авч, 24, 26, 27-нд давтан эргүүл шалгалт хийсэн. Биднийг буцах үед цагдаагийн байгууллага ирж шалгасан” хэмээн тайлбарлав.

Маргаан үүсээд буй “Бэлүүт” гэх газар нь өмнө нь алт олборлох тусгай зөвшөөрөлтэй бүсэд хамаарч байсан бөгөөд “Дорнын шим” компанид 10 гаруй жилийн өмнө лиценз гарсан. Үүн дээр хууль бус ажиллагаа бий эсэхийг шалгаж явсан. Гэтэл өнөөдөр лицензтэй газар биш, чөлөөт бүс болох нь тогтоогдсон гэж мэдээлсэн юм.

Захирамжийн хувьд сумын Засаг даргатай ярилцаж байсан. Захирамж гараагүй үед очсон үндэслэл нь бид ард иргэдээс гомдол ирээд байсан тул хэмээн тайлбарлав.

Уг хэрэгт холбогдоод буй Норжинхайрхан багийн Засаг дарга Т.Мөнхбаяраас тодрууллаа. Тэрээр би тухайн газарт гурван удаа эргүүл хийж очсон. Тэр үед маш олон хүн намайг очиж шалгаж өгөхийг хүссэн. Хоёр хоногийн өмнө цагдаагийн байгууллага, байгаль орчны албаныхан Засаг даргын орлогч Б.Магсаржаваар ахлуулан очсон. Дараагийн өдөр нь иргэдийн дуудлагын дагуу Засаг дарга, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар очиж нөхцөл байдалтай танилцсан.

Тэр өдөр Наранхайрхан багийн Засаг дарга нутгийн иргэдийн төлөөлөлтэй хамтран “нутгаа хамгаалъя” хэмээн үлдсэн. Маргааш нь сумын төвд хурал болж, тухайн газарт эргүүл хийж, хяналт тавих шаардлагатай гэсэн санал гарсан. Үүний дагуу Наранхайрхан багийн Засаг дарга надтай холбогдож “энд олон иргэн байна, хоол хүргээд өгөөч” гэсэн.

Ингээд Засаг даргын орлогч Б.Магсаржав тухайн газар нөхцөл байдал ямар байгааг шалгаж, хяналт тавиад ирье гэсэн тул би хамт явсан. Бид очоод хоёр автомашинтай хүмүүстэй таарсан. “Ямар учиртай хүмүүс вэ” гэж асуухад тавуулаа явж байна, гурван хүн нь уул руу гарсан гэж хэлсэн. Орлогч дарга “чи эд нартай байж бай, би уул руу гарч нөгөө хүмүүсийг дагуулж ирье” гээд явж, удалгүй тэднийг дагуулж ирсэн.

Хүмүүст буцах шаардлага тавиад буцаж байхад цагдаагийн машин ирж, тухайн хүмүүсээс илүү биднийг шалгаж эхэлсэн” хэмээн тайлбарлав.

Сум, орон нутгийн захиргааны үүргийн хүрээнд сумын Засаг дарга нь нутаг дэвсгэрт явагдаж буй үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй боловч уг хяналтыг хэрэгжүүлэхдээ албан ёсны захирамж гаргасан байх, цагдаа болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай бөгөөд өөрсдөө ашигт малтмал олборлох эрхгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд албан тушаалтнууд захирамжгүйгээр шалгалт хийсэн эсэх, албаны автомашиныг зориулалтын бусаар ашигласан эсэх, мэдээлэлд ойр байдлаа ашиглан хууль бус олборлолтод оролцсон эсэх гэдэг асуудлууд тодорхой болох юм.

Хэрэв дээрх албан тушаалтнууд иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргээ зөрчиж, хууль бус олборлолтод оролцсон нь тогтоогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл