Баруун хязгаарын хамгийн том тулгаралтын нэг Байтаг Богдын тулаан тэртээ 75 жилийн өмнө болж байсныг түүх гэрчилж байна. Олон удаагийн тулгаралтаар эх орноо хойч үедээ авч үлдсэн баатруудын халуун амь, бүлээн цус баруун хил дээр үрэгдсэн юм. Тухайлбал: 1948 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан /тасгийн ахлагч/, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан гээд олон түүх баримтууд бий. Тэгвэл Монгол Улсын баруун хязгаарт 20 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт тулгаралт болох Байтаг богдын тулалдааны 75 жилийн түүхэн ой энэ оны 6 дугаар сарын 08-09-ний өдөр болно. Ойг угтсан олон бүтээлч ажил тус суманд өрнөж байна. Ялангуяа эх оронч, баатруудынхаа үйл хэргийг мөнхлөх, тэдний гэрэлт хөшөө дурсгалыг сэргээх, гудамж талбайн тохижилт гээд томоохон ажлууд хийгджээ.
Хариулт (0 )