khovd.mn

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдаж байна

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдаж байна Үндэсний Статистикийн Хороо-ноос 5 жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого” 1991 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тооллого 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тооллогод өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах юм. Ховд аймгийн […]

0
16
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдаж байна

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдаж байна

Үндэсний Статистикийн Хороо-ноос 5 жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого” 1991 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн тооллого 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тооллогод өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах юм.

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн мэдээлснээр тус аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 5,959 аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагдахаас одоогийн байдлаар 318 нь хамрагдаад байна.

Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэлд суурилсан аргаар явагдаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл төрийн 13 байгууллагын мэдээллийг нэгтгэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн зөрүүг арилгах, цаашид санхүүгийн тайлангийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэж байна.

Тооллогод хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар орж мэдээллээ бөглөх боломжтой. Асуулгыг бөглөхөд хүндрэл гарвал 70443240, 70433652 дугаарын утсаар холбогдон зөвлөгөө авахыг Ховд аймгийн Статистикийн хэлтсийн дарга Л.Ариунаа зөвлөлөө.

Түүнчлэн уг тооллого нь эдийн засгийн салбар дахь аж ахуйн нэгж, байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж, эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцоолох, бодлого, шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй юм.

Энэхүү тооллогын хүрээнд статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол ажиллагаатай систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэдээ, тайлангаа илгээх боломж бүрдэж, мэдээлэгчдийн ачаалал буурах зэрэг давуу талтай.

Иргэд үндэсний статистикийн тооллого болон өмчийн тооллогыг андуурах тохиолдол цөөнгүй байдаг. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого нь улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг бүртгэдэг бол өмчийн тооллого нь эзэмшиж буй эд хөрөнгө, өмчийг бүртгэдэг юм.

Ховд аймгийн Статистикийн хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагуудыг ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл