khovd.mn

Боом өвчний нян нь хөрсөнд 100 жил усанд 60 жил хадгалагддаг

Боом өвчний нян нь хөрсөнд 100 жил усанд 60 жил хадгалагддаг. Урин дулааны улирал эхэлж, газрын хөрс сийрэгжих үед амьтан болон хүнд халдварлах өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Ховд аймаг нь боом өвчний тархалтын түвшнээр улсын хэмжээнд өндөрт тооцогддог. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2026 оны төлөвлөгөөний дагуу боом өвчний тандан судалгааны ажлыг 04 […]

0
70
Боом өвчний нян нь хөрсөнд 100 жил усанд 60 жил хадгалагддаг

Боом өвчний нян нь хөрсөнд 100 жил усанд 60 жил хадгалагддаг.

Урин дулааны улирал эхэлж, газрын хөрс сийрэгжих үед амьтан болон хүнд халдварлах өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг.

Ховд аймаг нь боом өвчний тархалтын түвшнээр улсын хэмжээнд өндөрт тооцогддог.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2026 оны төлөвлөгөөний дагуу боом өвчний тандан судалгааны ажлыг 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт сумдын нутаг дэвсгэрт зохион байгуулж.

Ажлын хүрээнд эрсдэлтэй бүс нутгийн 5 секторын нийт 43,935 га талбайг хамруулан тандалт судалгаа хийсэн байна.

Зоонозын өвчин судлалын төвийн нян судлаач эмч С.Буянтын мэдээлснээр судалгааны явцад халдварын эрсдэлтэй байж болзошгүй орчноос нийт 200 сорьц, дээж (өтөг бууц, сэг зэм, үс ноос, ус, арчидас) цуглуулж, холбогдох журмын дагуу лабораторийн шинжилгээнд шилжүүлжээ.

Мөн судалгааны бүсэд оршин суугчид болон хаваржиж буй өрхүүдэд боом болон зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, 65 ширхэг гарын авлага тараасан байна.

Боом өвчин нь Bacillus anthracis нянгаар үүсгэгддэг, мал амьтнаас хүнд халдварладаг хурц халдварт өвчин юм. Хүнд халдварлах замаараа арьсны (95-аас дээш хувь), уушгины болон гэдэсний гэсэн үндсэн 3 хэлбэрт хуваагддаг. Арьсны боом нь хамгийн түгээмэл бөгөөд шархлаа, цэврүү үүсгэдэг.

Мал, амьтанд ихэвчлэн цочмог буюу цахилгаан явцтай илэрч, гэнэт үхэх шинжтэй байдаг.

Харин хүнд халдварлах үед халдвар авсан замаас хамааран шинж тэмдэг өөр өөр илэрдэг ч бүх хэлбэрийн үед өндөр халуурах, толгой өвдөх, бие сулрах зэрэг ерөнхий хордлогын шинж илэрдэг. Нууц үе нь ихэвчлэн 2–7 хоног байна. Өвчилсөн тохиолдолд 7 хоногийн дотор хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй.

Өнгөрсөн 2025 он болон 2026 оны байдлаар Ховд аймагт боом өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Боом өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд голомтот бүс нутагт маллагаа, бэлчээрийн хяналтыг сайжруулах, үхсэн малын сэг зэмтэй харьцахгүй байх, вакцинжуулалтад хамруулах, мал амьтанд хүрэхдээ зориулалтын бээлий өмсөх, гараа сайтар савандаж угаах шаардлагатай. Мөн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эмнэлэг болон Зоонозын өвчин судлалын төвд яаралтай хандаж, шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл