Манай сайтын сурвалжлах баг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн 09:10 цаг хүртэл аймгийн нутгийн удирдлагын ордон дээр ажиллав. Энэ удаад бидний онцолсон зүйл нь төрийн албан хаагчид, дарга удирдлагууд цаг хэрхэн баримталж, ажлын цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлдэг талаарх мэдээллийг тэднийг ажилд ирэх үеэр нь газар дээрээс нь сурвалжиллаа. Ажлын цаг өглөөний 08:00 цагт эхэлж оройн 17:00 цаг гэхэд тардаг. Гэтэл ихэнхи төрийн албан хаагч нар энэ өглөөний байдлаар ажлын цагаасаа 30, 40, 60 минут хоцорч ирж байна. Цаг баримтлахгүй байгаа шалтгааныг тэд оройтож харьсан, ажил дээрээ заримдаа хонож ажилладаг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэлээ, машин халаасан, замаараа хүн хүргээд ирлээ гэх мэт олон янзаар тайлбарлаж байна. Хамгийн анхаарал татсан нэг зүйл нь оройтож харьдаг гэх асуудал байлаа. Энэ нь 8 цагаар ажиллах хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Яагаад тэд оройтож харьдаг, ажлын цагаа яагаад баримталдаггүй вэ гэх асуудлыг бид холбогдох удирдлагуудаас тодруулан хүргэнэ. Өглөөний 09:10 цаг болоход аймгийн засаг дарга, Э.Болормаа, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсүх гэх мэт удирдлагууд ажлын цагтаа багтаж ажилдаа ирсэнгүй. Харин тэд ямар шалтгаанаар ажилдаа ирээгүй вэ гэдэг нь хариултгүй үлдлээ. 2022.12.16
Хариулт (0 )