“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.
Ням-Очирын Баасанжав
АЛТАН ЗУУЗАЙ
Найдан нэгэн жарныг давтлаа юу эсийг үзсэн гэх вэ. Чонын санааг ч санаж явсан байх. Түмний түрүүнд ирж суугаад, сүүл хавьд нь хоолойгоо засаж, засаж хэд гурван үг унагачхаад мордоод явчихдаг болохоор нь улс амьтан түүнийг “Боохой” гэсэн ч юм бил үү, ер таамгүй.
“Боохой” Найдангийнх сум суурингийнханаас хоёр өртөө шахуу тул хүн амьтны хөл хөгсөөнөөс алс, чих амар сууна.
“Одоогийн суурин суусан энэ газар анх ямар сайхан сэргэлэн дэнж байв даа. Гэтэл одоо хүн амьтны хөл, машин техникт элдүүлсээр улаан тоором болжээ. Ер хүн шиг хэрэггүй амьтан алга даа” гэж дургүйцэн бодоод хормойндоо буусан цагаан манхан тоосыг ташуурын модоор хэд гурав цохьчихоод, хоршооны хаалга татлаа. Эмгэндээ бас галын зээдээ хүлхүүлчих санаатай хэдэн жин зөөлөн чихрийг хоршооны охиноор боолгож аваад мордов.
Сэлүүн сэрмүүн нутгаа зорих гэж байгаа болоод ч тэр үү сэтгэл яарна. Унаа морь
ч уул усаа гэлгүй яахав, зуузайгаа тэнийтэл дугтчина.
Найдангийнх буруудаа дэлтэй улаан хээр зүсмийн адуутай. Алийг нь ч тохоод мордсон ам булааж, цээж түрэн хөндөлсөх тул дэл сүүлэндээ дарагдаж газар ширтсэн юм унах ясны дургүй хүн.
Харин хонины нэг юм бий. Хөнгөн хөлтэй мориор мал эргүүлж явж байж, хурга ишигний хөл гишгүүлэх нь гэж одоогийн энэ эмгэн нь залуудаа зэмлэснээс, нэг тийм бөг бөг шогшсон юм олж авсан юм. Хонины морь гэдэг биеийнхээ аяар байдаг хойно урт насална. Гэлээ гээд Найдан хоёр гурвыг сольчихсон байх юм.
“Хүний амьдрал аа…” гэж санааширан бодоод эмгэн хүний үрчийсэн нүүр шиг болсон гарынхаа алгыг харлаа. Баруун гарын алганд зөрөлдөж тогтсон хоёрын хоёр урт зураас байх. Харин нэг урт зураасных нь цэх хажуунаас нэгэн нарийн зураас хөндөлсөж орж ирээд, тэд зам нийлэн дээшээ оджээ.
Ай даа. Эд маань бүгдээр хаа хүрэхээр довтолж, аль газарт очоод салж одохыг тэнгэр л мэдэх байх даа.
Найдан жолоогоо шилжүүлж бариад, зүүн гарынхаа алгыг дэлгэвэл зураасууд нь баруунтайгаа ижил юм шиг хэр нь сайн ажиглавал тэс өөр юм гээч.
Баруун алганы нарийн хоёр зураас ч энд байж л байна. Гэхдээ сонин юм. Баруун гарт байдагтай ижил хөндлөн жижиг зураас нөгөө уртыгаа нэвт харважээ.
Морь жолоогоо дугтчаад байхаар нь бууж дэрсэн дотор бээвийн суулаа. Боохой Найдан насаараа хонины дэргэд хийх юмгүй шахам л суусан гэвч энүүн шиг нарийн хараа, ухааны ур шаардсан ажилтай явсангүй.
Тэр мориныхоо цулбуурыг баруун тахимдаа лавхан шиг хавчуулж аваад, хоёр гарынхаа алгыг нүдэндээ тулгах шахам л авч ирээд шинжлээ.
Ажиглаж, ажиглаж сууснаа сочсон юм шиг өвдгөө падхийтэл нь алгадаад, “тэгнэ ээ тэр!” гэж хашгирлаа. Сочсон морь тахимдах цулбуурыг шувт татан зуларах шахахад нь арайхийн амжиж тогтоов.
Яах юу байхав! Энэ баруун гарын алганы хөндлөн зураас байна аа. Энэ бол одоо манай энэ эмгэн надтай ирж нийлсэн нь. Харин зүүн нь бол Жавзанхоролынх байх нь.
Түй.й.й.
Тэр орой гэр рүү нь дөхөхөөр л эцэг нь хоолойгоо засаад байхаар нь аймсарсан юм. Хөгшнийг нойрсохыг хүлээж цөхөхдөө хаяа саахалтын, одоогийн энэ эмгэнийд хүрээд хоночихсон ухаантай. Ямар хээр хоноод харилтай биш дээ.
Уул нь Найдан гутлаа сугавчлаад, өвсний толгой дамжих шахам л гэтсэн хэр нь үдээр шиг тэр хөх хөгшин анир авчихаад байлаа. Тэр үеийн улс амьтан Жавзанхоролын эцгийг сонороор тааруу л гэдэг байсан. Тийм хэр нь тэр, шөнийн өвс өндийх төдийхөн чимээг дуулаад байсныг одоо хэр нь ер ойлгодоггүй байлаа.
Хөөрхий дөө, Найдан. Бүүр хэзээ хойно, хэрэг явдал нэг мөр болсны дараа, бүр нарийн яривал эсрэг ертөнцийн босгон дээр ирээд тайлдаг байна шүү.
Найдангийн аав хазаарын амгай дархлахдаа зуузайг нь дунд гарын шаазангийн ам шиг л юм хийдэг байсан. Асуухлаар, хазаарын чимээнд морь, хүн сэргэлэн явдаг учиртай. Газрын гүйдэл ч дарагддаг юм гэнэ.
Жавзанхоролынх руу мордмоор санаалахаар хэзээдээ мэдсэн байдаг юм мэдэхгүй, “Хүүхээ мориныхоо хазаарыг солиод миний морины хазаараар морио хазаарлаад морд” гээд байдаг байсан юм.
Найдангийн морины хазаарын зуузай эцгийнхийг бодвол бага. Чимээ шаргиа нь ч мөн төдий. Тийм болохоор Найдан дотроо, “муу аав минь хүүгээ л гэсэндээ” гэж баярлаж явснаас биш ингэж холд тусахын чинээ бодоогүй явжээ.
Түй..й..й. Толгойгоороо тоглож явдаг адууны тэр их чимээнд дүлий нь байтугай халуун мах амаараа гартал чихчихээд хээр хэвтэж байгаа боохой ч сэрэлгүй яахав. Даанч гэнэн явж. Түй.й.й…
Найдангийн хамаг бие салхийгээд явчихав. Мориныхоо цулбуураар гараа ороож аваад дэрсний сүүдэрт хэвтлээ.
Тэнгэрт хурган үүл нүүнэ. Хурган үүлсийн цаана гүн цэнхэр оготоргуй. Яасан ч сайхан юм. Яасан ч тэнүүн юм.
Найдан хаашаа ч явалгүй ингээд л хэвтээд баймаар санагдана. Хүний амь, амьдрал гэдэг ямар ч утга учиргүй санагдана. Гарынхаа алгыг дахин харлаа.
…Найдан хонины захад нэг удаа эцэгтэйгээ явж таарахдаа, “Та намайг Жавзанхоролоос яагаад төөрүүлчихсэн юм бэ?” гэхэд эцэг нь оглохийтэл сочиж билээ.
Боохой Найдан эр сайндаа ч биш, эртнээс эцгийг эргэсэн нэг тийм уяа оосрын юм яваад байгааг санахдаа түншсэн байтал оножээ. Тэрээр хүүгийнхээ өмнө гэм хийсэн хүүхэд шиг мориныхоо дэлийг ширтэж явснаа, “Хүү минь. Хүн гэдэг амьтан чинь өсөж үржихийн төлөө л амьдардаг байх. Би мунхагтаа тэр үү тэгэж л бодож явдаг. Жавзанхоролын удам угсгааг өөрөөс нь дээш мөшгөвөл тийм ч муугүй. Харин нэг л гэм бий”. “Ямар гэм?” гэж Найданг яаран асуувал эцэг нь алсыг ширтэнгээ, “Хүү минь эднийг өөрийн мэдэхээс харж, сонсож, ажиглаад байхад өсөж үржихдээ л тун тааруу улс юм. Тийм болохоор нь тэр үү, тэр цагт чамайг тийш нь зүглээд байхаар нь би хувьдаа дургүйцсэн болох байх.
Миний хүү чинь ах дүү олуул. Бас тэгээд Оролмаатайгаа ханилснаар талд цацсан тариа буудай шиг л явна. Эдийн дутуу яахав ээ, гүйцээж болдог л байх. Хүний дутууг л яаж ч болдоггүй хорвоо доо!” гэлээ.
“Та тэр үед өөрийнхөө морины хазаарыг надад өгдөг байсан нь ямар учиртай юм бэ?” гэвэл эцэг нь түүний өөдөөс дүрлийтэл ширтсэнээ “Заяаны чинь жолоог тэгшилсэн юм аа, аав нь” гэж хэлчхээд мориндоо ташуур өгөн давхиад явчихсан юм. Нэгэнт учгийн үзүүрээс атгасан хүн ахиулдаг атал Найдан тэгсэнгүй. Хэрэг нь өнгөрсөн юм ч гэж бодсон уу!
Тэрээр дэрсний толгой хугачин авч амандаа зуугаад бослоо. Хөх өвс хөндлөн зуух цээртэй ч Найдан дадчихсан байж.
Тэр улаан хээрийнхээ эргэцээг гаргаж мордоод, хөхөлзөн харагдагч уулсынхаа зүг нисэн нисэн, нисэн нисэн одвой.
2022.07.26.
Хариулт (0 )