“Оцог” ууланд олборлолт хийж буй “Талст Молор” ХХК-тай Алтай сумын удирдлагууд дахин гэрээ хийвэл нутгийн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ удаа дараа мэдэгдээд байгаа. Тодруулбал: Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэр “Бодонч” багийн “Оцог уул” хэмээх газарт “Талст Молор” ХХК “Гянтболд буюу Вольфром олборлож байна. Тодруулж хэлбэл 2018 оны 08 сарын 28-ны өдөр тус сумын засаг даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр, “Талст Молор” ХХК-ыг төлөөлж тус ХХК-ийн ерөнхий геологич Д.Цоггэрэл нар хамтын ажиллагаанд гэрээ үзэглэснээр олборлолтын үйл ажиллагаа эхэлжээ. Олборлолт явагдаж эхлэх үеэс л тус компани нутгийн иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байсан байна. Тэгвэл нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилж газар нутгаа хамгаалж, “Оцог уулаа” аврах ажлыг зохион байгуулаад байгаа юм. Иргэдийн хэлж байгаагаар “Талст Молор” гэх ХХК-ийн олборлолтын үйл ажиллагаа нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, тоосжилтыг бий болгож, дуу чимээнээс үүдэн ан амьтад үргэн дайжиж, булаг ширгэж, тухайн нутаг дэвсгэрт амьдардаг малчид малаа чөлөөтэй бэлчээх боломжгүй болсон тухай ярилаа. Мөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд сум орон нутагт үр өгөөжөө өгч, нутгийн иргэдийг ажлын байраар хангаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлээгүй гэж үзэж байгаа юм. Тус ХХК-ийн олборлолт хийх гэрээний хугацаа дуусгавар болсон тул дахин гэрээ хийх саналыг “Талст Молор” ХХК-иас нутгийн удирдлагуудад ирүүлээд байгаа аж. Харин үүнийг нутгийн иргэд дэмжихгүй байгаагаа илэрхийлж онгон дагшин байгаль, “Оцог уулаа” дахин хүчит техник, хүрз жоотуугаар сэндийлүүлэхгүй, бид газар нутагтаа эзэн нь байж баялагаа хамаална гэдэг байр суурийг илэрхийлсээр байна. Хэрэв тус компанид олборлох зөвшөөрөл дахин өгч гэрээ сунгавал тэмцлийн өөр хэлбэрийг сонгохоо ч мэдэгдлээ. Энэ асуудлаар сумын удирдлагуудаас тодруулахад гэрээг дүгнэхэд “Талст Молор” ХХК өнгөрсөн хугацаанд гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлээгүй, нутгийн иргэдийг ажлын байраар хангаж чадаагүй, жилд сумын төсөвт төвлөрүүлдэг 100 сая төгрөг бага байна, иймд гэрээг дахин сунгавал сум орон нутагт үр өгөөжтэй байдлаар гэрээний зарим зүйл заалтуудыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Харин иргэдийн хувьд энэ компанийн олборлолтыг бүрэн зогсоох шаардлагтай гэж үзэж байна. Энэ асуудлаар иргэдийн дунд нийтийн сонсголыг зохион байгуулж, ард иргэдийн санал хүсэлтийг авахад иргэдийн дийлэнхи хувь нь олборлолтын үйл ажиллагааг бүрэн зогсоох шаардлагатай, бид газар нутагтаа эзэн нь байна, дахиж гэрээ хийхийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлжээ. Хэрэв “Талст Молор” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хариуцлагатай уул уурхайг бэхжүүлж чадахгүй байгаа бол дахин гэрээ хийж, олборлолт хийлгэх шаардлага бий юу гэдэг асуулт ч урган гарч байна. Ямартай ч Алтай сумын иргэд онгон дагшин байгалиа шуналтангуудаас хамгаалж газар нутгаа аварна гэдэг байр суурин дээрээ бат зогссоор байна. Үргэлжлэл бий…
2022.02.14
Хариулт (0 )