khovd.mn

Н.Тэгшбаяр: Эдийн засгийн ач холбогдол бүхий ураны нөөцтэй орон дэлхий дээр тун цөөн. Манай улсад энэ нөөц байгаа нь гайхамшиг

Одоогийн байдлаар Монгол Улс 180,000 орчим тонн ураны нөөцтэй. Энэхүү тогтоосон нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсаж байгаа. Ирээдүйд тогтоогдох буюу таамаг нөөцөөр дэлхийд тэргүүлэх боломжтой. Манай улсын ураны нөөц жил ирэх тусам өсөж байгааг судлаачид онцолж байна.  “Уран олборлох гурван арга бий. Үүнийг тодруулбал, ил олборлох арга далд уурхайн арга газар дор уусган баяжуулах арга Ураныг газар […]

0
125
Н.Тэгшбаяр: Эдийн засгийн ач холбогдол бүхий ураны нөөцтэй орон дэлхий дээр тун цөөн. Манай улсад энэ нөөц байгаа нь гайхамшиг

Одоогийн байдлаар Монгол Улс 180,000 орчим тонн ураны нөөцтэй. Энэхүү тогтоосон нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсаж байгаа. Ирээдүйд тогтоогдох буюу таамаг нөөцөөр дэлхийд тэргүүлэх боломжтой. Манай улсын ураны нөөц жил ирэх тусам өсөж байгааг судлаачид онцолж байна. 

“Уран олборлох гурван арга бий. Үүнийг тодруулбал,

  • ил олборлох арга
  • далд уурхайн арга
  • газар дор уусган баяжуулах арга

Ураныг газар дор уусган баяжуулах аргыг АНУ-д анх ашиглаж эхэлсэн. Сүүлийн үед дэлхийн улс орнууд уран олборлохдоо 66% ба түүнээс дээш хувийг нь газар дор уусган баяжуулах аргаар олборлож байна. Энэ нь хамгийн өргөн тархсан, цацрагийн аюулгүй байдлыг хангахад илүү зохимжтой, хүлээн зөвшөөрөхүйц арга мөн” гэдгийг Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр онцолж байлаа. 

“УРАН ОЛБОРЛОЖ, ЭКСПОРТЛОХ ЧАДАМЖТАЙ БОЛСНООР БИД ДЭЛХИЙД СТРАТЕГИ, ГЕОПОЛИТИК ТӨДИЙГҮЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ХУВЬД ӨРСӨЛДӨХҮЙЦ УЛС БОЛЖ ЧАДНА”

Ураныг газар дор уусган баяжуулах аргын талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулахад “Уран бол цацраг идэвхт ашигт малтмал. Үелэх системд байдаг бусад элементтэй л адил. Гэхдээ бусад элементээс хэд хэдэн ялгаатай. Нэг талаас химийн хувьд хоруу чанартай. Нөгөө талаас цацрагийн хувьд эрсдэлтэй элемент юм. 

Орчин үед уран олборлолтыг газар дор уусган баяжуулж хийдэг болсон нь хамгийн шилдэг арга. Битүү системээр олборлодог учраас цацрагийн эрсдэлийг хянах боломжтой. Үүний зэрэгцээ химийн хоруу чанараас сэргийлэх давуу талтай.

Ураны уусган баяжуулах аргын туршилтын олборлолт Дорноговь аймагт хийгдэж буй. Үүний дараа үндсэн олборлолтдоо орох юм байна. Уран олборлож, экспортлох чадамжтай болсноор бид дэлхийд стратеги, геополитик төдийгүй шинжлэх ухааны хувьд өрсөлдөхүйц улс болж чадах юм. Уран олборлож чаддаг болсноор дараагийн шат нь цөмийн энергийг ашиглахад нэг алхам ойртож байна гэсэн үг. Цөмийн технологийн салбарын ноён оргил руу ойртож явна хэмээн ойлгох хэрэгтэй” гэдгийг хэлсэн юм. 

“ЦАЦРАГИЙН ДАВУУ ТАЛЫГ ОЛОН САЛБАРТ АШИГЛАЖ БАЙНА”

Тэрбээр “Уран бол сайн ч талтай, саар ч талтай элемент. Хүн төрөлхтөн ураны задралын явцаас маш олон изотоп гаргаж авсан байдаг. Тэр изотоп болгон өөр өөрийн настай, харилцан адилгүй онцлогтой. 

Тухайлбал богино настай изотопын талаар энд дурдъя. Энэ төрлийн изотопыг эрүүл мэндийн салбарт ашиглаж болдог бөгөөд аливаа өвчнийг оношлох, эмчлэх, анагаахад хэрэгтэй. Жишээлбэл, элэгний хорт хавдрын тархалт ямар байгааг PET-CT аппаратаар оношлоход богино настай изотоп хэрэгтэй.

Рентгенийг ашиглаж хил гаалиар орж, гарч буй бараа бүтээгдэхүүний эргэлтийг хянадаг. Мөн л цацраг идэвхт бодисын төрлийг ашиглаж байгаа үйл явц. Онгоцны цанталтын эсрэг тоног төхөөрөмжийг мөн л цацраг идэвхт бодистой холбоотой цөмийн технологиор шийддэг. Галын аюулаас хамгаалах мэдрэгч төхөөрөмж хүртэл цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдож гарч ирдэг. Энэ мэтчилэн дурдвал маш их. 

Хүн төрөлхтөн найман тэрбум болж байна. Хүн төрөлхтний ирээдүй хөрсөн дээрээс органик руу явж байгаа. Гэвч органик бараа бүтээгдэхүүн нийт хүн төрөлхтнийг тэжээж дийлэхгүй, нөөц нь гүйцэхгүй байгаа энэ үед үр тарианы ургалтыг нэмэгдүүлж, өвчлөлөөс сэргийлэхэд хүртэл цацрагийн давуу талыг ашиглаж байна. Цөмийн болон цацрагийн энхийн хэрэглээг бий болгохдоо химийн хоруу чанараас сэргийлэх “Цацрагийн аюулгүй байдлын норм”, “Цөмийн болон цацрагийн хяналт”-ын бүхэл бүтэн шинжлэх ухаан хөгжсөн. Салбарын эрдэмтэд олон жил суралцаж, энэ шинжлэх ухаанаар ард иргэдээ хамгаалж байна” гэдгийг ярилаа. 

Манай улсын хувьд МХЕГ-ын дэргэд “Цөмийн болон цацрагийн хяналтын газар”-тай бөгөөд цөмийн үүсгүүрүүд хилээр орж ирэх, ашиглалт дуусаж гарах хүртэлх хяналтыг тавьж ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой, хэрэгжүүлэх дүрэм журамтай хэмээн тэрбээр хэлж байлаа.

“АЛИВААГ МУХАР СОХРООР, СУРГААР ЭСЭРГҮҮЦДЭГ БУС ОЙЛГОЖ, СУДАЛДАГ БОЛОХ ЁСТОЙ”

Мөн үргэлжлүүлэн “Эдийн засгийн ач холбогдол бүхий ураны нөөцтэй орон дэлхий дээр тун цөөн байдаг. Энэ нөөц манай улсад байгаа нь гайхамшиг. Харин одоо бид аливаад шинжлэх ухаанчаар хандах цаг болсон. Аливааг мухар сохроор, сургаар эсэргүүцдэг бус ойлгож, судалдаг болох ёстой.

Өмнө нь Монгол Улсын Засгийн газраас мал хорогдож байгаа асуудлын хүрээнд 20 гаруй эрдэмтэн докторуудыг оролцуулан судалгаа хийж байсан. Судалгаагаар уранаас болж хордоогүй, селен үхлийн дозоор байгаа талаарх дүгнэлт гарсан. Жишээлбэл, уран олборлож байгаа газраас 1-2 километрт байгаа айлын мал эрүүл байдаг. Гэтэл тэр хол 150 километрээс хорогдсон мал авчраад шоу хийж болохгүй. Энэ бол логикгүй, шинжлэх ухаангүй тэмцэл.

Дорнод аймгийн Матад суманд байдаг Дорнод ураныг социализмын үед оросууд ил задгай олборлож байхад мал хуй хорогдоогүй. Одоо ураныг газрын дор уусган баяжуулах буюу далд аргаар олборлож байгаа. Энэ бол эрсдэлгүй арга” гэв.

Эх сурвалж: Ikon.news

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл