khovd.mn

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг ирвэс агнасан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ

Баян-Өлгий аймгийн Засаг Дарга Е.Зангарыг яллагдагчаар татжээ Тодруулбал: 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Хулаан хус” сумын нутаг дэвсгэрээс иргэн Б нь зөвшөөрөлгүйгээр нэг тооны “Цоохор ирвэс”агнаж түүнийгээ иргэн Т-д дамжуулсан байгаа юм. Иргэн Т нь ирвэсийг аймгийнхаа “Улаан хус” сумын 1 дүгээр “Их Ойгор” багийн нутаг дэвсгэр болох “Хар Ямаат” гэх […]

0
794
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг ирвэс агнасан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ

Баян-Өлгий аймгийн Засаг Дарга Е.Зангарыг яллагдагчаар татжээ

Тодруулбал: 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Хулаан хус” сумын нутаг дэвсгэрээс иргэн Б нь зөвшөөрөлгүйгээр нэг тооны “Цоохор ирвэс”агнаж түүнийгээ иргэн Т-д дамжуулсан байгаа юм. Иргэн Т нь ирвэсийг аймгийнхаа “Улаан хус” сумын 1 дүгээр “Их Ойгор” багийн нутаг дэвсгэр болох “Хар Ямаат” гэх газраас 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв рүү “Тоёота ланд круйзер”-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч ирж өөрийн гэртээ хадгаласан байжээ.

Тээвэрлэн ирэх явцдаа иргэн Т нь өөрийн эзэмшлийн 99….97 дугаараас аймгийнхаа засаг дарга Е.Зангарын 99….55 дугаарт холбогдож ирвэс тээвэрлэн ирж буйгаа хэлж, мэдээлэл өгч ярилцсан байгаа юм.

Е.Зангар нь цоохор ирвэсийг зөвшөөрөлгүй агнасан гэдгийг мэдсээр байж өвчиж арьсыг нь махнаас нь бүрэн бүтэн салгаж авах, ирвэс агнасан тухайгаа хэнд ч хэлж, бусдад харуулж болохгүй шүү гэх зэргээр зааварчилгаа өгч удирдан зохион байгуулсан байна.

Е.Зангарыг нэн ховор амьтан болох цоохор ирвэсний арьс махыг тээвэрлэсэн хадгаласан үйлдэлд, хууль бусаар ан амьтан агнах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр түүнийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус тус үндэслэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Е.Зангар нь тэр бүү хэл сүүл нь хэр зэрэг урт байна, арьсыг нь цоолохгүй өвчөөрэй гэх зэрэг зааварчилгааг гар утсаар ярьж, бичих зэргээр өгч байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Цоохор ирвэс нь “Улаан номонд” бүртгэгдэхээс гадна устах аюулд орсон амьтны тоонд багтдаг аж. Устах аюулд орсон амьтны тоонд Ирвэс, Бөхөн, Тахь, Мазаалай, Хавтгай, Хар сүүлт зэрэг ан амьтад багтдаг. Эдгээр амьтдыг тусгай зөвшөөрлөөр ч агнаж болдоггүй нэн ховор амьтан юм.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Цоохор ирвэс нь 22 сая төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг хуультай. Тэгвэл Цоохор ирвэсийг зөвшөөрөлгүй агнаж, мах арьсыг нь тээвэрлэж, хадгалах зэрэгт зааварчилгаа өгч гэмт хэргийг удирдан зохион байгуулсан Е.Зангар болон бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Б болон Т нарт ямар хариуцлага тооцохыг харах л үлдлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл