Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн цагдаагийн газар хамтран “Амьдралын төлөөх аавууд” уулзалт, хэлэлцүүлгийг Жаргалант сумын Нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд зохион байгууллаа.
Уг уулзалтад онцгой байдал, халамж, цэрэг, цагдаагийн байгууллага зэрэг 15 аавуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцон, асуулт, хариултын тэмцээн зохион байгуулав. Цэргийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, ЗДТГ хамтран “Миний аав миний баатар” сэдэвт ил захидлын уралдааныг нас насны ангиллаар зохион байгуулсан билээ. Энэ өдөр тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг шалгарууллаа.
Уулзалтын үеэр жендерийн хэвшмэл ойлголт, нийгэм дэх байр суурь, эрх тэгш байдал, гэр бүлийн гишүүдийн үүрэг, оролцооны талаар мэдээлэл хүргэлээ.
Аав хүн бол хүүхдийн үлгэр дуурайлал, хүйсийн ойлголтын төлөвшүүлэгч, хандлага, үнэт зүйлийн эх сурвалж гэдгийг онцолж, хүүхэд эмэгтэй хүнийг хэрхэн ойлгож, хүндэтгэхийг ааваасаа суралцдаг болохыг тэмдэглэлээ.
Мөн хүүхдийн өсөлт, хүмүүжил болон аавуудын оролцооны талаар хэлэлцсэн юм. Аав хүн гэр бүл, хүүхдээ эрсдэлээс хамгаалж, нийгэмд гарч буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд хүүхдийг хайрлах, энэрэх сэтгэлтэй, эрүүл бие бялдар, ёс зүйн зөв төлөвшилтэй хүн болгон өсгөхөд эцэг хүний оролцоо онцгой ач холбогдолтойг оролцогчид онцоллоо.
Түүнчлэн өнөө үеийн хүүхдүүдтэй харилцахад тулгамдаж буй асуудал, хүүхдийн сэтгэхүйн онцлог, тэднийг ямар арга барилаар хүмүүжүүлж байгаа талаар санал солилцсон юм.
Ажлын ачааллаас шалтгаалан гэр бүлдээ цаг гаргах нь хомс байдаг талаар хэлж, нийгэмд үлгэр дуурайлал болсон аавуудыг алдаршуулахад анхаарах шаардлагатайг онцоллоо.
Ховд аймгийн хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 76 бөгөөд дундаж наслалтын зөрүү 4.5 жил байна. Нийт хүн амын 40 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлдэг аж.
Эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах нь харьцангуй бага байдаг бөгөөд эрчүүдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл түгээмэл байгааг дурдлаа.






















Хариулт (0 )